loading...
Маргааш “хөшгөө нээх” “Инсбрук-2012” залуучуудын өвлийн анхдугаар наадамд оролцох 60 улсын 1100 тамирчин Австрид цуглараад байна. Спортын 15 төрөлд 63 багц медалийн төлөө өрсөлдөх тэдний дунд манай цаначин Д.Өсөхбаяр, тэшүүрчин А.Энх-Ариун нар багтсан юм. 48 жилийн тэртээ олимпийн энхийн салхинд төрийн далбаагаа анх мандуулсан Л.Цэнд гавьяатын мөрөөр цаначин хүү алтан соёмбот тугаа Инсбрукийн тэнгэрт мандуулна.
Түүхийн хуудас сөхвөл ОУОХ-ны 2008 оны ээлжит чуулганаар тус наадмын хотыг тодруулсан бөгөөд насанд хүрэгчдийн хоёр ч олимпийг амжилттай зохион байгуулсан Инсбрукийг Финландын Куопиогоос илүү хэмээн итгэл хүлээлгэжээ. 1964 онд болсон Инсбрукийн өвлийн IX олимпод 36 улсын 1091 тамирчин 34 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд манай найман цаначин, гурван тэшүүрчин цасан зам, мөсөн талбарт хурд хүчээ сорьжээ.
ЗХУ-ын тэшүүрчин Лидия Скобликова дөрвөн зайд аваргалсан амжилтаар тус олимпийн гол баатраар тодорч, Францын төрсөн эгч дүүс Кристиан, Мариелл Гойцчел нар слалом, жиант слаломын төрөлд алт, мөнгөн медаль зүүсэн баярт мөчийг санахын зэрэгцээ бэлтгэлийн үеэр нас барсан Австралийн уулын цаначин Росс Милен, Британийн чаргачин Кай Казимерз нарын гашуун түүх үлдээсэн юм. Тамирчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал юу юунаас чухал гэдгийг энэ явдал харуулсан. “Инсбрук-1964”-т медалийн тоогоор ЗХУ тэргүүлж (11 алт, найман мөнгө, 6 хүрэл), Австри (4 алт, 5 мөнгө, 3 хүрэл), Норвег (3 алт, 6 мөнгө, 6 хүрэл) удаалжээ. Тэгвэл мөн хотод 12 жилийн дараа айлчилсан цагаан олимпод 37 улсын 1123 тамирчин 37 багц медалийн төлөө өрсөлдсөн түүхтэй.
Уулын цаначин Франц Кламмер нутгийнхаа дэвжээнд аваргын титэм хүртэж, америк гулгагч Дороти Хэмилл цогтой тоглолтоороо бүхнийг хөгжөөн, Татьяна Аверина ЗХУ-ын шигшээ багт хоёр алт, хос хүрэл медаль нэмсэн байна. Медалийн тоогоор мөн л ЗХУ (13 алт, 6 мөнгө, 8 хүрэл) манлайлж, Зүүн Герман (7 алт, 5 мөнгө, 7 хүрэл) АНУ (3 алт, 3 мөнгө, 1 хүрэл) удаад нь орсон уг олимпийг монголчууд өнжсөн билээ. 1968 оны Универсиад, 2005 оны хоккейн ДАШТ, трамплины тив, дэлхийн тэмцээнийг зохион байгуулсан хур туршлагатай Инсбрук залуучуудын анхдугаар олимпийн зохион байгуулалтад 22,5 сая доллар, барилга байгууламж, тамирчдын тосгонд 121 сая доллар зарцуулсан гэсэн тооцоо гарчээ.
XXI зуунд анх удаа Австри улсад болох залуучуудын эхний олимпод тамирчид биатлон, бобслей, скелетон, керлинг, хоккей, уран гулгалт, чарга, шорт-трек, тэшүүр, уулын болон гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, сноуборд, трамплинаас харайлт, фристайлын төрөлд хүч сорино. Австрийн 65 хотоор 3753 км зам туулсан олимпийн бамбар төв цэнгэлдэх хүрээлэнд тухлахад ганцхан хоног үлдлээ. Цас мөсний тэмцээнд аагим Африкийн Камерунаас эхлээд цас унадаггүй олон орны цаначид, тэшүүрчид өрсөлдөнө. “Лондон-2012“ зуны олимпийг зохион байгуулах Их Британи улс ч гэсэн Инсбрукт ач холбогдол өгч 23 тамирчнаа илгээжээ.

Б.СОНДОР
loading...



