loading...
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү 2012” тэмцээн энэ сарын 28- 29-нд Худалдаа үйлдвэрлэлийн сургууль дээр болох гэж байна. Тэмцээнд 2001-2005 оны хооронд төрсөн хүүхдүүд гурван насны ангиллаар (7 хүртэлх, 8-9, 10-11) өрсөлдөх юм. Тоглолт швейцарийн системийн 7-9 тавилаар явагдах бөгөөд нас бүртээ эхний таван байр эзэлсэн шатарчид шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна.
Харин нийслэлийн БТСГ, Монгол туургатны шатрын холбоо хамтран зохион байгуулах “Цодгор хүү 2012” улсын шигшээ тэмцээн хоёрдугаар сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болох бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан шилдэг 160 өсвөрийн шатарчин ухаанаа уралдуулах юм.
Дөрвөн даамчин тавин хувийн амжилттай
Беларусийн Слоним хотноо даамын бага насныхны ДАШТ (мини кадет) тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Б.Болормаа 9 оноотой IX, Т.Ганчимэг 9 оноотой XI, 11-14 насны хөвгүүдийн ангилалд М.Шийрэвжамц 9 оноотой XVIII, Б.Билгүүн 5 оноотой XXX, Б.Алтан-Од 4 оноотой XXXII, охидын ангилалд Б.Номин-Эрдэнэ 9 оноотой X, Г.Хэрлэнмөрөн 8 оноотой XVI, Б.Ууганзаяа 2 оноотой XXI байрыг тус тус эзэлжээ.
Тамирчид швейцарь оноолтоор тус бүр есөн өрөг тоглосноос ийнхүү дөрвөн даамчин маань тавин хувийн амжилт үзүүлжээ. ДАШТ-ээс Оросын баг гурван алтан медаль авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол охидын 11 хүртэлх насанд БНХАУ-ын тамирчин түрүүлж, тус улсын даамын түүхэнд анхны аваргаа “өлгийдөн” авчээ.
М.ОРГИЛ
loading...



