loading...
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор футзалын Улаанбаатар хотын тэмцээнүүд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд эхэллээ.
Анхан шатны тэмцээнүүдээс шигшигдсэн U-13 насанд 16 баг, U-15 насанд 18 баг, U-17 насанд 16 баг, лигийн 8 баг хүч үзэж байгаа тэмцээний анхны тоглолтууд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны 09.30-аас эхэллээ.
U-13 насны ангилалд А хэсэгт өрсөлдөж байгаа “ЮБ Юнайтед” баг “Дэрэн-Сумида 2009” багууд хүч үзсэн байна. Гадны дасгалжуулагч авчирсан “Дэрэн-Сумида 2009” клуб амжилттай тоглосоор 2:0-ийн харьцаатайгаар яллаа. Тэмцээний анхны гоолыг “Дэрэн-Сумида 2009” клубын Жансерик тоглолтын 1 дэх минутад хийсэн байна. А хэсгийн дараагийн тоглолт Сүхбаатар дүүргийн баг “Эрчим” клубтэй хүч үзсэн байна. Энэ тоглолтод Сүхбаатар дүүргийн баг гайхалтай тоглолтыг үзүүлж 6:2-ийн харьцаатайгаар анхны чухал ялалтаа байгуулсан байна.
U-15 насны ангилалд А хэсэгт учраа таарсан “Сэлэнгэпресс” баг, Сонгинохайрхан дүүргийн багтай өрсөлдлөө. Сэлэнгэпресс баг энэхүү тоглолтод бүх талаар илүү байж, 9:7 харьцаатайгаар ялалтыг авлаа. Сонгинохайрхан дүүргийн баг анх удаагаа оролцож байгаа гэхэд чамлахааргүй тоглолтыг үзүүлснийг дуулгах хэрэгтэй. ИНХ баг “Дэрэн-Сумида 2009” багтай хүч үзлээ. Азийн Хөлбөмбөгийн Холбооны C ангиллын зэрэгтэй, хашир туршлагатай Ч.Мөнхбатаар дасгалжуулсан “ИНХ” клуб гайхалтай тоглолтыг үзүүлэн 5:2-ийн харьцаатайгаар хүчтэй өрсөлдөгчөө яллаа.
U-17 насны ангиллын А хэсэгт анхны тоглолт “Эрчим” “Соёмбын барсууд” багийн хооронд болсон байна. 2011 оны МХБХ-ны “Шилдэг баг”-аар тодорсон “Эрчим” клубын залуу халаа өрсөлдөгчөөсөө бүхий л талаараа илүү байж 18:2-ийн харьцаатайгаар ялалтыг авлаа. 2 дахь тоглолт “Хараацай” клуб “ЮБ Юнайтед” багийг 3:1-ээр маш чухал ялалтыг авлаа. Хэсгээс 2 баг гарах тул тоглолтбүр хариуцлагатай байгааг манай өсвөрийн клубууд сайтар мэдэрсэн бололтой.
Хотын тэмцээнийг алс холын Өвөрхангай аймгийн Хужирт сумын өсвөрийн хөлбөмбөгчид хүрэлцэн ирж сонирхлоо. Тэд удахгүй болох аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ бэлтгээд тун завгүй байгаа ч үе тэнгийнхэн хэрхэн өрсөлдөж байгааг үзэхээр хүрэлцэн ирсэн байна.
Лигийн багуудын дунд зохиогдож байгаа тэмцээнд нийт 8 баг өрсөлдөж байна. Анхны тоглолт Болд эзэнтэй “Сэлэнгэпресс” баг Гансүх эзэнтэй “Хоромхон” клубуудын хооронд явагдлаа. Давуу байдлыг Сэлэнгэпресс үүсгэж, тоог тэнцүүлэх үүргийг Хоромхон клуб гүйцэтгэсээр тоглолт 7:7-ийн харьцаатай өндөрлөсөн байна.
Ажлын өдөр бүрийн 09.30-аас эхэлж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохиогдож байгаа тэмцээн 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дүнгээ гаргана.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...



