loading...
Саяхан Балтийн тэнгисийн Латви улсын нийслэл Рига хотноо хоёр удаагийн хоккейн тулаан боллоо. Эхний өдөр хуучин ЗХУ-ын үеэс мөсөн дээр алба хашиж байсан авьяаслаг, алдарт, ахмад хоккейчдын нөхөрсөг тоглолт болж, Вячеслав Фетисовын баг, Хелмут Балдерисийн нөхдүүдтэй халз үзэлцлээ. Олон жил ээнэгшин дасч, жилийн ихэнхийг цугларалт, тэмцээн, томилолтоор хамтдаа өнгөрөөж байсан мөсний хүлэг баатруудын тоглолт гэхээсээ сэтгэлийн уулзалт нь давамгайлж, “Арена Рига”-д хуран цугларсан олон түмэнд баяр баясгалан авчирлаа. Мөн Тивийн хоккейн лиг буюу “КХЛ-ийн бүх одод”-ын тоглолт ч дэлхийн хоккей сонирхогчдын анхаарлыг татаж, 26 орны теле-компани шууд дамжуулсны дотор Румын, Армениас өргөдөл ирсэн гээд бод доо.
Ялангуяа хойд Америкийн TSN спортын суваг энэ эрхийг дотооддоо тэмцэлдэн байж авснаар дөрвөн өвлийн олимпод тайлбарлагч хийсэн алдарт Жо микрофоны ард дуртайяа суужээ. Манай уншигчид домогт Слава Фетисовын тухай байнга мэдээлэлтэй учраас “ховор хүн”-д тооцогдох Х.Балдерисийн талаар товч өгүүлсү. Хелмут Гунарович Балдерис-Силдезис маань энэ жил нас сүүдэр 60 хүрчээ. Хоккейн талбайд “цахилж яваа гөрөөс” шиг хурдалдаг, ЗХУ ба ЦСКА клубийн 19 нойморыг эзэмшигч Х.Балдерис нь Европ, дэлхийн гурван удаагийн аварга, “Лейк Плэсид-80” олимпийн мөнгөн медальт, 1977 оны ДАШТ-ий шилдэг тоглогч, Зөвлөлтийн УАШТ-ий 1977, 1983 оны хамгийн олон гоол оруулсан мэргэн буучаар шалгарч байсан, гавьяат тамирчин. Тэрбээр Виктор Жлуктов, Сергей Капустин нартай хамт нэг гурвалд гар нийлэн тоглодог байсан.
1985 оноос мань хүн Наран улсын “Ози Сейси” багт тоглогч-дасгалжуулагчаар уригдсан, дараа нь “Миннесота Норт Старс” багт хоёр жил зүтгээд эх орондоо иржээ. Латвид ирээд ч хоккейноосоо үл салж, “Пардаугава” клуб, шигшээ багтай ажиллаад үзсэн. Рига хотын СТО-ны захирлын албыг хашиж, өдгөө “Olain Farm” эм бэлдмэлийн компанийн ТУЗ-ийн даргын албанд томилогджээ. 1998 онд Олон улсын хоккейн холбоо (IIHF)-ны “Алдрын танхим”-д нэрээ мөнхөлсөн. Латвийн хоккейн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай. Харин хоёр том охин нь хоёулаа хоккейгоор замнаагүй. “Юрмала-2010” гэдэг хошин шогийн том наадам зохиогддог шиг “Рига-2011” бүх оддын тоглолт амжилттай болж, шинэ, хуучин олон сод манлай “шайбчингууд” үзэгчидтэйгээ нүүр тулан уулзаж, цээж дүүрэн хоккейгоор амьсгалав. Ахмадуудын тоглолтод В.Тихоновын дасгалжуулж, В.Фетисовын ахалсан баг дошны эзэн Х.Балдерисийн хамтлагийг 11:7 хожлоо.
В.Фетисовын баг Хелмутийн “гарнизонд” “тулалдсан” бүрэлдэхүүнийг харахад аргагүй л “оддын дайн” болсныг гэрчилнэм. Харин одоо гялалзаж буй КХЛийн оддын тоглолт буюу А.Федоровын баг Д.Озолиньшийн “бүлэглэл”-ийг 15:11 хожиж, хошин шогийн уур амьсгал бүхий хоккейн гайхамшгийг үзүүлэв. Мөн л энэ тоглолтод оролцогчдын мэдүүлгийг сөхвөл их л олон одод өнгө өнгөөрөө солонгорном. Латвид болсон хоккейн супер тоглолтуудын “дөрөвдүгээр үе” буюу хэвлэлийн бага хурлын үеэр бүхний шүтээн, цагтаа ОХУ-ын БТСХ-ны даргын суудалд заларч байсан В.Фетисов КХЛ ба ЦСКА багаас гарч буйгаа тайлбартайгаар мэдэгдэж, Сергей Немчинов ба түүнийг дэмждэг үл бүтэх, бэртэгчин дарга нартай хамтран ажиллахгүй хэмээн “гэгээн цагаан өдөр гэрэлт цахилгаан цахих” мэт гэнэтийн мэдэгдлээ Москвад бус, Ригад хийлээ. Гэвч дараа нь Слава, Хелмут хоёр эр хүний ёсоор “дөрөө чангалж”, хууч хөөрсөн сурагтай.

ОТО
loading...




eoooe yasan ch burheg medeelel ve.Bi lav chuu ai l oilgoloo zarim ni yu ch oilgoogui gdgt bi itgeltei bna
loading...