loading...
Жил бүрийн эхээр зохиогддог “Холбооны цом” даамын багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-нд “Хос мастер” клубийн байранд боллоо. Өнөө жилийн хувьд урьд өмнө оролцож байгаагүй олон буюу 14 баг (Баг тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Эхний хоёр ширээнд дурын, гуравдугаар ширээнд ахмад буюу өсвөрийн, дөрөвдүгээр ширээнд эмэгтэй тамирчин тоглох журамтай) оролцсон бөгөөд бүрэлдэхүүнийг нь ажиглахад медалийн төлөө өрсөлдөх боломж бүхий 5-6 байсан нь тэмцээнийг нэлээд сонирхолтой болгосон.
Швейцарь системээр долоон тавил тоглоход Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн дөрөв, улсын 10 удаагийн аварга ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 12 оноогоор аваргаллаа. Тэд дөрөвдүгээр тавилдаа “Скайтел”-д 3:5-аар дийлдсэн ч сүүлийн гурван учраа болох “Даамын андууд”, “Алтан титэм”, “Алтан өрөг” гэсэн хүчтэй багуудыг дараалан хожсоноор уржнангийн түрүүгээ ихэрлүүлж чадсан юм. Багийн бүрэлдэхүүнд их мастераас гадна ДДХМ Р.Манлай, спортын мастер Ч.Равжир, Б.Нандинцэцэг нар тоглосон бөгөөд тэд арван жилийн турш медальт байранд шалгарч буй нь энэ ажээ.
2002 оноос эхтэй тус тэмцээнд “Эхлэл” гурав, “Алтан титэм”, “Алтан өрөг”, “Champions” багууд тус бүр хоёрантаа түрүүлээд байна. Удаах байруудыг спортын мастер Т.Пүрэвдорж ахлагчтай “Алтан титэм” 11, спортын мастер Б.Ганзориг ахлагчтай “Даамын андууд” 10 оноогоор эзэлсэн. Харин дөрвөн тойргийн дараах байдлаар гурван хожил, ганцхан тэнцээтэй тасархай хошуучилж явсан ОУМ О.Түвшинболд, ДДХМ Д.Баттулга, улсын хошой аварга Ц.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй “Скайтел” баг төгсгөлөө тааруу хийснээс дөрөвдүгээр байртайгаа эвлэрэхээс өөр аргагүйд хүрсэн.
Нээлтийн тоглолтон дээр “Алтан титэм”-д 1:7- гоор бутниргүүлж, гараагаа таарухан эхэлсэн ноднингийн аварга “Алтан өрөг” баг “айргийн тав”-д орлоо. Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд их мастер Д.Эрдэнэбилэг (Champions) боломжит 14-өөс 12 оноогоор, хоёрдугаар ширээнд ДДХМ Р.Манлай (Champions) 12, гуравдугаар ширээнд спортын мастер Ч.Энхтайван (Даамын андууд) 11, дөрөвдүгэрэ ширээнд спортын мастер Э.Мандахнаран (Алтан өрөг) 12 оноогоор тус тус аваргалсан. Тэмцээнийг АВВ Consulting, “Арвайн үндэс” монгол үйлдвэр, “Венус” сургалтын төвүүд ивээн тэтгэсэн юм.

loading...



