loading...
Өнгөрсөн бямба гаригт Канадын Оттава хотноо NHL-ийн 2012 оны бүх оддын тоглолт эхэллээ. Лигийн удирдлагууд оддын тулаанаа сонирхолтой болгох үүднээс өнгөрсөн жил шинэ формат нэвтрүүлсэн нь тоглогчдыг драфтаар сонгох болсон явдал. Өнгөрсөн жил Н.Лидстрем, Э.Стаал нар баг ахалсан бол өнөө жил Д.Альфредсон, З.Хара нар багийн ахлагчаар томилогджээ. Улмаар ахлагч нар драфтад нэр нь дэвшсэн оддоос сонгож, багаа бүрдүүлсэн юм. Хоёр багийн бүрэлдэхүүнд ямар тоглогчид багтсаныг сонирхуулья.
Здено Харагийн баг: Жеффри Лупул (Торонто), Павел Дацюк (Детройт), Тим Томас, Тайлер Сегин (хоёул “Бостон”), Евгений Малкин (Питтсбург), Мариан Хосса, Патрик Кейн (хоёул “Чикаго”), Киммо Тимонен (Филадельфи), Кори Перри (Анахайм), Кэри Прайс (Монреаль), Фил Кессел, Дион Фанеф (хоёул “Торонто”), Райан Сатер (Нэшвилл), Брайан Кэмпбелл (Флорида), Жером Игинла (Калгари), Деннис Уайдмэн (Вашингтон), Мариан Габорик (Рейнжерс), Жордан Эберле (Эдмонтон), Жейми Бенн (Даллас)
Даниель Альфредсоны баг: Хенрик Лундквист (Рейнжерс), Эрик Карлссон, Жейсон Спецца, Милан Михалек (бүгд “Оттава”), Жонатан Куик (Лос-Анжелес), Клод Жиру, Скотт Хартнелл (хоёул “Филадельфи”), Крис Летанг, Жеймс Нил (хоёул “Питтсбург”), Стивен Стэмкос (Тампа-Бэй), Брайан Эллиотт (Сент-Луис), Ши Уэбер (Нэшвилл), Даниэль Седин, Хенрик Седин, Александр Эдлер (бүгд “Ванкувер”), Кит Яндл (Финикс), Жон Таварес (Айлендерс), Жейсон Поминвилль (Баффало), Логан Кутюр (Сан-Хосе) Оддын тоглолтын эхний өдөр уламжлал ёсоор ур чадварын тэмцээнүүд болов. Эхний тэмцээнээр “Fastest skater” буюу хамгийн хурдан хоккейчнийг шалгаруулсан. Энэ тэмцээнд баг бүрээс таван тамирчин хурд сорих бөгөөд үүний нэг нь хаалгач, нэг нь rookie тоглогч байх ёстой. Ингээд хоккейч бүр тодорхой зайг туулан уралдахад NHL-д анхны улирлаа үдэж буй Карл Хагелин хэмээх Альфредсоны багийн залуу ялагч боллоо. Тэрбээр өөрийн зайг 12.963 болон 13.218 (финалд) секундэд туулсан юм. “Оттава”-гийн rookie К.Грийнинг урьдчилсан шатанд 12.993 секундээр финалд шалгарсан ч сүүлийнхдээ 13.303 амжилт үзүүлэн дэд байрт орсон юм. Хурдан тэшилтийн тэмцээний финалд 13.218 секунд хурдалсан нь дээд амжилт аж.
Дараагийн тэмцээн болох уран гоё буллитын төрөл оддын тоглолтын хөтөлбөрт багтаад гуравхан жилийн нүүр үзэж байгаа ч үзэгчдийн хүсэн хүлээдэг үзүүлбэр болж чадсан. Харин өмнөх гурван тэмцээнд дараалан түрүүлсэн А.Овечкин оддын тоглолтод оролцохоос татгалзсан тул шинэ ялагч тодрох нь эхнээсээ тодорхой байлаа. Түүний эзгүйд “Вашингтон”-ы лидер Патрик Кэйн өнгөлсөн юм. Хоёр жилийн өмнө NBAгийн оддын тоглолтын слэм данкын тэмцээнд Д.Ховард супермэний өмсгөлтэй гарч ирж тохоод түрүүлж байсан. Тэгвэл П.Кэйн түүн шиг, гэхдээ улаан өнгөтэй нөмрөг өмсч, нүдний шил зүүж байгаад үзүүлбэрээ үзүүлэв. Тэр хөдөлгөөнөөрөө хаалгачийг хуураад газар унахдаа шайбыг гараараа дамжуулж гоол оруулсан нь үзэгчдэд гойд таалагдсан юм. Ингээд ордонд суугаа 20 мянган үзэгчээс санал авахад шинэ “супермэн”-ээр тодорсон Кэйн 47 хувийн саналаар өнгөлжээ.
К.Перригийн үзүүлбэр 29 хувийн саналаар аман хүзүүдсэн байна. Харин оновчтой цохилтын тэмцээнд “Даллас”-ын залуу довтлогч Жими Бенн түрүүллээ. Энэ тэмцээнд тамирчид хаалганы дөрвөн буланд байрлуулсан байг хамгийн богино хугацаанд онож устгах ёстой. Бенн эхний шатанд 13.5 секундад “ажлаа дуусгаж” финалд шалгарсан бол 14 секундад амжуулсан “Филадельфи”-гийн rookie М.Рид түүнтэй аваргын төлөө өрсөлдөх болов. Гэсэн ч Рид шигшээ шатанд тааруухан ончтой байж 16.3 секундын хугацаанд дөрвөн байгаа оносон. Харин Бенний амжилт улам дээшилж, 10.2 секундэд дөрвөн байг устгасан юм. Хоккейчдоос өндөр ур чадвар шаарддаг энэхүү тэмцээнд Р.Бурк, М.Мессье, П.Форсберг зэрэг олон алдартай одод түрүүлж байжээ.
Дөрөв дэх буюу хамгийн хүчтэй хоккейчныг шалгаруулах тэмцээн олны анхаарлын төвд байдаг. Шайбыг хэн хамгийн хүчтэй цохихыг тодруулах энэхүү тэмцээнд словак хамгаалагч Здено Хара сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн бол энэ жил ч түүнээс илүү бяртай хоккейч байсангүй. Тэрбээр шайбыг 108.8 миль/ цагийн хурдтай (175.1 км/цаг) цохисон нь тус тэмцээний дээд амжилт болжээ. Өмнөх рекордыг тэр өнгөрсөн жил 105.9 миль/цагаар тогтоож байсан юм. “Итгэж ч чадахгүй юм. 100 миль/цаг цохино гэдэг баргийн хоккейчны хийх зүйл биш. Гэтэл тэр бүр 108 болгочихлоо шүү дээ” хэмээн “Калгари”-гийн ахлагч Ж.Игинла дуу алджээ. “Би хамаг чадлаараа л цохихыг хичээсэн. Дээд амжилт тогтоосондоо баяртай байна. Ялангуяа “Оттава”-гийн үзэгчдийн өмнө” хэмээн Хара өгүүлжээ. Тэрбээр 2001-2006 оны хооронд “Оттава”-д тоглож байгаад “Бостон”-д ирсэн юм. Тиймээс Оттава хотын үзэгчид түүнд халуун дотноор хандаж байлаа. Улмаар торгуулийн цохилтын тэмцээнд “Тампа-Бэй”-гийн С.Стэмкос, багийн буухиа тэмцээнд Альфредсоны баг түрүүлснээр швед довтлогчийн баг нийлбэр дүнгээр 21:12-оор илүүрхлээ. Урд шөнө жинхэнэ оддын тулаан болсон. Энэ тоглолтын дүн, мэдээг бид дараагийн дугаартаа нийтлэх болно.
Г.Баярсайхан
loading...



