Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » ОЛИМПИЙН ӨМНӨХ ИХ СОРИЛГО БОКСЧДЫН ТУЛААНААР ЭХЭЛЛЭЭ

GD Star Rating
loading...

Монголын бүх ард түмний спортын XIII их наадам боксын төрлөөр эхэллээ. Энэ жилийн их наадамд 25 байгууллагын 222 боксчин эрэгтэй 10, эмэгтэй олимпийн гурван жинд аваргаа тодруулах юм. Энэ тэмцээнд сайн оролцсон тамирчид олимпийн эрхийн тэмцээнд явах болохоор тэр хэрээр өрсөлдөөн ширүүн өрнөж буй. Харин олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ гэсэн манай шилдгүүд том, жижиг бэртлийн улмаас тэмцээнийг өнжихөөр болжээ.

Түүнчлэн ОУХМ Б.Түвшинбат олимпод зодоглох үүднээс жин өгсөн 69 кг-д орсон байна. Тэгэхээр 64 кг-д шинэ аварга мэндлэх нь эхнээсээ тодорхой болов. Харин Түвшинбат жин өгссөнөөр 69 кг-ын өрсөлдөөн улам ширүүслээ. Энэ жинд түүнээс гадна ноднингийн улсын аварга Ж.Отгонжаргал, өмнө нь 64 кг-д түрүүлж байсан Л.Шинэтулга, ахмад мастер Б.Ганбаатар зэрэг тэнцүүхэн өрсөлдөгчид цуглаад буй.

Дашрамд сонирхуулахад их наадмын дараа шигшээ багийн тамирчид Герман руу явж, 25 хоногийн хамтарсан бэлтгэл хийх аж. Тэр үеэр Халле хотноо болдог “Химийн цом” уламжлалт тэмцээнд оролцсоноор олимпийн эрхийн тэмцээний бэлтгэл ерөнхийдөө хангагдах юм. Улмаар нутагтаа ирж хэд хоногийн сэргэлт аваад олимпийн эрхийн сүүлийн тэмцээнд оролцохоор Казахстаныг зорих юм байна.

Ц.ЦЭРЭННЯМ: ХӨДӨӨ, ОРОН НУТГААС ОЛОН ТАМИРЧИН ИРЛЭЭ

Их наадмын үеэр холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цэрэннямтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн тэмцээн өмнөхөөс юугаараа ялгарч байна вэ?

-Монголын бүх ард түмний XIII наадам, олимпийн өмнөх хамгийн том сорилго гэдэг утгаараа өндөр хариуцлагатай тэмцээн. Тамирчид маань сайн тоглож, өндөр амжилт гаргах чинь эрмэлзэлтэй бэлтгэл хийсэн байх. Шинэ залуу тамирчид ч дороос сайн гарч ирж байна. Сая л гэхэд Цэндбаатар гэж 16 настай хүү хоёр хашир туршлагатай мастерыг хожлоо. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд тэмцээн маш сайхан болж байна.

-Тэмцээний зохион байгуулалт эрс сайжирсан нь ажиглагдаж байна?

-Манай холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар тэмцээний зохион байгуулалтын тал дээр их санаа тавьж, өндөр ач холбогдол өгч байгаа. Бидэнд “Бүх зүйлийг өндөр түвшинд зохион байгуул” гэсэн үүрэг өгсөн л дөө. Тэгээд шаардагдах бүх юмаар хангасан. Энэ дашрамд нийт боксчдынхоо өмнөөс хоёр ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье.

-Оролцогчдын тоо хэр нэмэгдсэн бэ?

-Өмнө нь хувийн клубүүд ордог байсан бол спартакиадад 25 байгууллагын 222 тамирчин хүч сорьж байна. Ноднин 245 тамирчин байсан юм. Энэ жилийн тэмцээнд хөдөө, орон нутгаас олон тамирчин ирж байна. Жишээ нь Дархан-Уул аймаг гэхэд ноднин УАШТ-д ороогүй. Харин энэ жил бүтэн багаараа ирлээ. Бас Говьсүмбэр, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл гээд олон аймгаас баг ирсэн. Энэ нь хөдөө орон нутагт боксын спорт сайн хөгжиж байгаагийн илрэл юм.

-Аль байгууллага хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй байна вэ?

-“Хангарьд” их ширүүн байгаа. Бас “Сүлд”, “Алдар” гээд хэдэн сайн хороодууд дээгүүр өрсөлдөх байх.

-Манай шилдэг тамирчдын бэлтгэл ямархуу харагдана. Дороос залуучууд хэр гарч ирж байна.

-Шигшээ багийн тамирчид сая Эрдэнэтэд 20 гаруй хоногийн бэлтгэл хийгээд ирлээ. Тиймээс бэлтгэл нь маш сайн хангагдсан. Энэ тэмцээн Европын цуврал тэмцээний өмнөх том сорилго. Тэндээ сайн оролцвол олимпийн эрхийн тэмцээнд явах боломжтой. Тийм болохоор шилдэг тамирчид маань хичээж тоглох нь тодорхой. Шинэ залуу тамирчид ч сайн тоглож байна. Томчуудыг нэлээн сандаргана даа.

-Шагналын санг сонирхож болох уу?

-Засгийн газрын тогтоолын дагуу түрүүлсэн тамирчин 1.5 сая, мөнгөн медаль хүртсэн нь нэг сая, хүрэл медалийн эзэд 800 мянган төгрөгийн шагналтай. Мөн багийн дүнгээр түрүүлсэн байгууллага 1.5 сая төгрөгийн шагнал авах юм. Шагналын мөнгийг улсаас гаргаж байгаа.

-Эмэгтэй тамирчдын ур чадвар ямархуу санагдаж байна?

-Уг нь эмэгтэйчүүдийн тэмцээнээ 10 жингээр явуулах ёстой л доо. Гэхдээ бид тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгохын тулд олимпийн гурван жинд өрсөлдүүлэхээр шийдсэн. Эндээс яг хэн нь сайн юм бэ гэдэг нь харагдана. Манай эмэгтэйчүүд Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас хүрэл, Азийн цомоос мөнгөн медаль хүртэж байсан. Ер нь манай охидууд олон улсын тавцанд боломжийн хэмжээнд өрсөлдөх чадвартай.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: