Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Их Дуулга, Талбайн теннис » АГУУ ЖОКОВИЧ

GD Star Rating
loading...

Новак Жоковичийн эрин эхэлснийг “Австралийн нээлттэй тэмцээн” харуулав. Дэлхийн шилдэг тоглогчдыг цувруулан ялсаар “Их дуулга”-ын тав дахь цомоо тэвэрсэн нь түүний дараа дараагийн амжилтыг урин дуудаж байна. Алдарт Надальтай 30 удаа учраа таарахад 14-т нь хожиж, агуу Р.Федерерийн эсрэг 24 удаа довтлохдоо 10-т нь ялалт байгуулсан серб залуу цаашид дээд амжилтыг олонтаа шинэчилж, теннисний ертөнцийг шуугиулна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 1987 оны тавдугаар сарын 22-нд Белград хотноо мэндэлсэн ирээдүйн аварга багаасаа л энэ спортод дурлаж, хоёр ахынхаа нөлөөгөөр дөрвөн насандаа цохиур бөмбөг нийлүүлж эхэлсэн юм.

Зургаан нас хүрмэгцээ өсвөрийн тэмцээнүүдэд үеийнхнийгээ давамгайлах болсон жаал хүү 12-тойдоо мэргэжилтнүүдийн хараанд өртөж, Германы теннисний академид элсэн оржээ. Хоёр жилийн дараа тэрбээр Европын АШТ-ий өсвөр насны ангилалд түрүүллээ. Бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанаар амьдралаа хязгаарлаж, мэргэжлийн теннисчний ёс жаягийг мөрдөх болсон нь амжилт гаргах гол нөхцөл болжээ. Рожер Федерер, Рафаэль Надаль нарыг ид өрсөлдөж ахуйд тэдний “шилийг хазах” ирээдүйн аварга бэлтгэгдэж байлаа.

2007 оны хавар дэлхийд чансаагаараа эхний аравт анх удаа багтсан Жокович тэр жилийнхээ “Мастерс”-т анх удаа түрүүлж, түүхэн ялалтын эхлэлийг тавив. Дөрвөн сарын дараа Монреальд түрүүлэхдээ дэлхийн чансааны эхний гуравт жагссан Э.Роддик (3), Р.Надаль (2), Р.Федерер (1) нарыг хожиж, шилдэг гурвыг цувруулан хожсон хамгийн за луу теннисчнээр тэмдэглэгджээ. Тэгэхэд Жо кович 20 хүрч байсан юм. 13 жилийн өмнө буюу 1994 онд Борис Беккер Стокгольмын тэмцээнд М.Штих, П.Сампрас, Г.Иванишевич нарыг буулган авч аваргалсан амжилтыг серб эр давтах нь энэ. Ер нь л 2007 он түүнд тун ээлтэй өнгөрсөн бөгөөд АТР-ийн таван том тэмцээнд түрүүлснээр дэлхийн чансааны ТОП 10-т (бүр гуравдугаарт шүү) хамгийн залуудаа багтсан. Өөрөөр хэлбэл чансаагаа өнгөрсөн оныхоос 13 байраар урагшлуулсан гэсэн үг. Надаль, Гаске нар чансааны шилдэг аравт орохдоо түүнээс нэг насаар ах байжээ.

Бээжингийн олимпийн жил Жокович “Их дуулга”-ын түүхэнд хамгийн залуудаа хагас шигшээд шалгарсан тамирчнаар тодорсон. Ялгуусан ялалт үүгээр зогссонгүй, таван том тэмцээн дараалан шөвгийн дөрөвт үлдсэн супер амжилтыг нь “Уимблдон-2008”-д Марат Сафин тасалжээ. Зуны XXIX олимпийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн залуу “Австралийн нээлттэй тэмцээн”-ий үзүүр түрүүнд Францын Жо-Вильфред Цонгаг буулган авснаар “Их дуулга”-д түрүүлсэн анхны серб теннисчин болов. Өмнө нь Югославын Слободан Живоинович 1985 оны “Australian Open”, 1986 оны “Уимблдон”-ы хагас шигшээд хүрсэн нь тус улсын теннисчдийн оргил амжилт байсан. “Мастерс-2009”-ийн хагас шигшээд тэрбээр Рафаэль Надальтай дөрвөн цаг гурван минутын турш тоглохдоо 6:3, 6:7, 6:7-гоор ялагдсан нь түүхэн дэх хамгийн удаан гурван сет үргэлжилсэн тоглолтоор тэмдэглэгдсэн. Тэрхүү тоглолт Жоковичийн Рафатай учраа таарсан 18 дахь, хоёр долоо хоногийн хугацаанд гурав дахь удаагаа хүч сорьсон тохиолдол байлаа.

Түүнчлэн ”US Open-2010” хүртэл серб эр дэлхийн манлай теннисчин Федерертэй тавантаа тоглохдоо ганцхан удаа л хожсон. Харин уг тэмцээний хагас шигшээд Новак агуу Федерерийг дөрвөн цаг шахам тоглосны эцэст 5:7, 6:1, 5:7, 6:2, 7:5-аар ялсан байдаг. Ийнхүү Жокович нэг хожигдсон хүндээ барагтай л бол дахиж дийлддэггүй онцлогтой швейцарь залууг “Их дуулга”-ын хагас шигшээ, шувтаргын тоглолтод нэгээс илүү удаа хожсон хоёр дахь (өмнөх нь мэдээж Надаль) теннисчин болжээ. 2011 оны Индиан-Уэллсийн тэмцээнд түрүүлснийх нь дараа түүний ялалтын цуврал 20-иос ч илүү болсон юм. Майамигийн тэмцээнд түрүүлэхдээ эхний дөрвөн тоглолтод ердөө 13- хан гейм алдаж, нэг ч сетэд хожигдоогүй нь дээд амжилтаар бүртгэгдсэн. Мадридад болсон тэмцээний үзүүр, түрүүнд тэрбээр Надалийг нутгийнх нь дэвжээнд буулган авсан нь испани эрийг номхтгосон арав дахь ялалт.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд Надальтай гар зөрүүлж үзсэн теннисчдээс хэн нь ч (Федерер хүртэл) ийм амжилт тогтоогоогүй нь сонин. Жоковичийн амжилт гэрлийн хурдаар өсөж, 2011 оны “Их дуулга”- ын гуравт нь түрүүлснээс гадна Дубай, ИндианУэллс, Майами, Белград, Мадрид, Ромын тэмцээнд дараалан манлайлсан юм. Түүхийн хуудас сөхвөл 1977 онд Гильермо Вилас, 1979- 80 онд Бьорн Борг, 1981-82 онд Иван Лендл, 1984 онд Жон Макинрой, 2006-2007 онд Рожер Федерер нар л долоон тэмцээн дараалан түрүүлсэн аж. Жилийн хугацаанд ”Их дуулга”- ын дөрвөн цувралын гуравт түрүүлсэн түүнийг Олон улсын теннисний холбоо 2011 оны дэхийн шилдэг теннисчнээр зарласан байна. Серб теннисчин 2003 оноос “Адидас”-тай, одоогоос хоёр жилийн өмнө Италийн “Sergio Tacchini”- тай урт хугацааны гэрээ байгуулсан.

2011 оны наймдугаар сард Швейцарийн “Audemars Piguet.” фирмийн нэрийн хуудас боллоо. Mercedes- Benz. компани ч энэ бүхнээс хоцорсонгүй рекламны гэрээ байгуулжээ. Түүний эцэг эх хүүгийнхээ нэрээр нэрлэсэн рестораныг төрөлх хотдоо байгуулсан нь хөгжөөн дэмжигчдийнх нь тухлах дуртай газар болсон байна. Уг ресторанд тухлахад Белградын тухай уянгалаг дуу эгшиглэх вий. Энэ дууг Жокович өөрөө амилуулж, клипэнд нь ч тоглосон гэнэ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
АГУУ ЖОКОВИЧ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. bataa says:

    ene zaluu domog bolnoo saya australian opend uneheer galzuu bsan bi tiim tugs toglolt uzej bsangui umnu ni.bi marat safin ii togloltod uneheer durtai shig djokoviciin toglolt bas goe bsan shuu.

    GD Star Rating
    loading...
  2. Өөскө says:

    өшөө алдартай домог болсон тэннисчдын мэдээллийг бага багаар нэг нэгээр нь дэлгэрэнгүй оруулж өгөөч

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: