loading...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулах Футзалын тэмцээн, уралдаан, сургалт, семинар, фестивалийн нээлтийн ажиллагаа 2012 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд боллоо.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газрын дарга Ч.Наранбаатар, Монголын Үндэсний Олимпийн Хорооны дарга Ц.Дамдин, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд, МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд, бусад хүндэт зочид оролцлоо. Нээлтийн ажиллагаанд тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцож байгаа нийт 23 багийн төлөөлөгчид жагсан орж ирлээ.
Үйл ажиллагааг нээж Г.Мөнхбаяр дарга үг хэлсэн байна. Монгол Улс анхныхаа FIFA-ийн шүүгч нарыг өлгийдөн авлаа. Түмэнбаяр, Хаш-Эрдэнэ, Жавхлантөгс гэсэн залуучууд Монголын хөлбөмбөгийн шүүгчийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдлээ. Тэдний FIFA-ийн ерөнхийлөгч Блаттерийн гарын үсэгтэй үнэмлэх, тэмдгийг хүндэт зочид гардуулан өгсөн байна.
Мөн FIFA-ийн залуу дасгалжуулагч нарын сертификатыг гардан авахаар болсон 26 шинэ дасгалжуулагчид шалгалтандаа амжилттай тэнцсэн байна. Ийнхүү Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын тоо улам өсөж байна.
Зөвхөн талбайн хөлбөмбөгийн дасгалжуулагчид ч биш анхны Футзалын албан ёсны дасгалжуулагчтай боллоо. Азийн Хөлбөмбөгийн Холбооны Футзалын дасгалжуулагчийн сургалтад амжилтттай суралцсан 21 дасгалжуулагчид футзалын дасгалжуулагчийн сертификатыг гардуулан өглөө.
2011 онд олон уралдаан тэмцээнд оролцож спортын зэрэг цолын норматив хангасан тамирчид цол зэргээ гардан авсан байна. Монголын хөлбөмбөг шинээр 8 дэд мастер, 10 спортын мастеруудаа тосон авлаа. Ийнхүү авъяас чадлаараа хөлбөмбөгийн мастеруудын эгнээнд орсон тэдэнд бас давхар хөлбөмбөгийн нэр хүндийг авч явах хариуцлага ирж байгаа гэдгийг сануулъя.
2011 онд МХБХолбоо гурван их, дээд сургуультай хамтран хөлбөмбөгийн багш дасгалжуулагчийн ангийг нээсэн билээ. Тус гурван сургуульд суралцаж байгаа оюутнууддаа МХБХолбоо бэлтгэлийн хувцсыг гардуулан өглөө. Биеийн Тамирын Дээд Сургууль, Монголын Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль, Мон-Алтиус дээд сургуулиудын захирлууд хүрэлцэн ирж хувцасны дээжийг гардан авлаа.
Үүний дараа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын “Нийслэлийнхэн” баг, МХБХ-ны Удирдах Зөвлөлийн “Хөлбөмбөгийнхөн” багтай нөхөрсөг тоглолтыг хийсэн байна.
Нийслэлийнхэн-Хөлбөмбөгийнхөн 4:3
“Нийслэлийн “багт Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга Отгонбаяр, Газрын Албаны дарга Сундуй, ИТХ-ын гишүүн Ганбаяр, Ганбаатар тэргүүтэй тоглогч нар тоглож байсан бол “Хөлбөмбөгийн” багт МХБХ-ны УЗ-ын гишүүн, БТСГ-ын дарга Наранбаатар, Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр, УЗ-ийн гишүүн Энхбаяр, Ганбат, Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцон тоглолоо.
Тоглолтын анхны гоолыг Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр хийсэн боловч эцсйин мөчид 4:3-ийн харьцаатайгаар Нийслэлийнхэн баг хожлоо. Хамгийн анхны гоол хийсэн О.Одбаяр зөвлөхөд FIFA-ийн эмблем бүхий дурсгалын медаль гардууллаа.
Үүний дараа Футзалын цомын тэмцээнүүд үргэлжлэн явагдсан бөгөөд U-13 насны ангилалд Эрчим клуб, ЮБЮнайтед багтай хүч үзэн 1:0-ийн харьцаатайгаар ЮБ Юнайтед баг хожсон бол, Дэрэн клубийн 13 насны шигшээ баг Сүхбаатар дүүргийн шигшээ багийг 4:0-ийн харьцаатайгаар тус тус ялсан байна.
Тэмцээн ажлын өдөр бүрийн 09.30-аас МХБХ-ны Футзалын ордонд үргэлжлэн явагдаж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...






