by hosko » Thu Feb 12, 2009 6:06 pm
Виктор Корчной: Карпов, Фишер, Каспаровын тухай
-Цаг үе, өөрийнхөө тухай-
Нэрт их мастеруудын ярьсан олон зүйлийг зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ түүний авьяас билэг, өөрийнхөө тухай, амьдралынхаа зарчмын тухай чин сэтгэлээсээ ярьсныг үнэлэхгүй байж болохгүй.
-Дрезденд болсон дэлхийн шатрын олимпиадад оросын шатарчид тавд орсон ч манай баг урагшилж байна, учир нь хоёр жилийн өмнө зургаад байсан гэж хошигносон. Харин Армены шигшээ баг байрандаа байх юм. Туринд нэгдүгээрт байсан, Дрезденд дахиад л нэгдүгээрт байна гэж Корчной онигоо гэмээр зүйл ярив.
Түүний үед бүх зүйл өөр байв. Эхний байр л биш бол ямар ч байрыг огт авч үздэггүй байв. Нэрт шатарчины бодлоор, Гарри Каспаров тоглоомоос гарсан нь оросын болон дэлхийн шатарт аугаа их ололтын эринийг эцэслэжээ.
Ленинградыг бүслэлтээс чөлөөлсний 65 жилийн ойг саяхан Санкт-Петербург хотод тэмдэглэх өдрүүдэд Виктор Корчной дайнд оролцогчдын Баруун хойд холбоо, Оросын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Борис Хроповын урилгаар төрөлх хотдоо иржээ. Иймээс сэтгүүлчид болон хотын шатрын олон нийтийн төлөөлөгчдөд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Виктор Львович зөвхөн шатрын тухай яриагүй нь гайхмаар биш ээ. Бүслэлтэд байсан бүх хүн хатуу ширүүн, хайр найргүй өдөр шөнийг хэзээ ч мартахгүй.
Шархагдагсдад шүлэг уншиж өгдөг байв
-1941 оны арваннэгдүгээр сард намайг арван настай байхад аав сайн дурынхантай хамт фронт руу явсан. Түүнээс хойш би түүний барааг хараагүй. 1942 оны өвөл хамгийн хүнд байсан. Хот тэр аяараа цас,мөсөөр хучигдсан, хүмүүс эцэж туйлдсан байв... Түүгээр ч барахгүй радио хэсэг хугацаагаар ажиллахгүй байв. Манайх Дотоод хэргийн ардын комиссариатын газар байрладаг байсан Литейный өргөн чөлөөнд байсан. Германчууд түүнийг бөмбөгдөхийг хэдэн удаа оролдсон. Нэг бөмбөг манай байшин дээр унасан. Азаар дэлбэрээгүй, харин цохилтоос болж хана нь цуурсан. Тэр үед би тураалын улмаас эмнэлэгт хэвтсэн. Гэвч манай хойд ээж Микояны нэрэмжит чихэр боовны үйлдвэрт ажиллахаар шилжиж, заримдаа намайг тийшээгээ аваачиж, мөөхий өгдөг байсан. Миний сурч байсан сургууль Литейный өргөн чөлөө, Чайковскийн гудамжны уулзварт байсан цэргийн эмнэлэгтэй дайны эхний өдрүүдээс шефийн холбоо тогтоосон юм. Бид тэнд ангиараа очдог байв. Тэгэхэд би шатар тоглож сураагүй байсан. Тэгээд шархадсан цэргүүдэд шүлэг уншиж өгдөг байлаа. Дараа нь шатар тоглодог болж, бүр бүслэлтэд байхдаа пионерын ордонд шатрын дугуйланд явах болсон. Бүслэлтээс гарсаны дараа шатрыг буурьтай сонирхож, хуучин номын дэлгүүрээр явж, бүр дайн эхлэхээс өмнө хэвлэгдсэн шатрын ном худалдаж авдаг байв.
-Та 1943-1944 онд пионерын ордны тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн байх аа...
-Би тэр тэмцээнийг санаж байна. Тэр тэмцээн Ленинградын өсвөрийн шатарчдын аврага шалгаруулах тэмцээн байсан. Эхлээд би хэдэн өрөгт хожигдсон, гэхдээ дараа нь алдснаа нөхөж чадсан. Гуравдугаар байранд орсон маань том амжилт байлаа! Дашрамд дурдахад, би «Шатарт өршөөдөггүй» гэсэн намтрын номондоо би гоц авьяастай байгаагүй, амьдралд тохиолдсон саад бүрийг ганц далайлтаар биш, харин хоёр юмуу гурав дахь оролдлогоор л давдаг байснаа бичсэн. Би найм дахь удаагаа оролдож байж л ЗХУ-ын аврага болж байв. Түүний өмнө хагас финалд долоон удаа орж байв. Улсын аврага шалгаруулах 1954-1955 оны тэмцээнд бүр сүүлээсээ хоёрт орж байв. Тэгэхээр өөртөө хандахдаа бүрэн бодитой байх хэрэгтэй.
Найз нар болгон зангаа өөрчилдөггүй
-Та Швейцарид суудаг, гэхдээ та бүслэлтээс чөлөөлсний ойг тэнд тэмдэглэж чадсан уу?
-Тэнд бүслэлтэд байгсад байсан бол тэмдэглэлгүй яахав... Заримдаа би юутай ч болов тийм баярыг дуртай тэмдэглэдэг хүмүүсийг олж чаддаг. Харин үүнийг Швейцарид Оросынхоос нилээд өөрөөр хардаг. Харин гэр бүлдээ тэмдэглэж чаддаггүй. Миний одоогийн эхнэр Австри, Германд өсч, хүмүүжсэн. Дайны жилүүдэд жаахан байсан тэр «гитлерюгенд»-ийн отрядад байжээ. Гэсэн ч тийм төрлийн баяртай холбоотой арга хэмжээнд намайг үг хэлэхэд эхнэр маань дургүйцдэггүй. Гэхдээ элдвийн юм тохиолдоно. Нэг удаа Смоленскт очиход тэндхийн шатарчид надад аугаа их ялалтын 55 жилийн ойд зориулж хийсэн цом бэлэглэсэн. Түүнийг гэртээ авчирсан чинь эхнэр маань их гайхсан. Тэгээд тэр шатрыг хэсэг хугацааны дараа нэг танилдаа бэлэглэсэн.
-Сүүлийн үед та Санкт-Петербургт үе үе ирэх юм. Зөвлөлтийн үетэй харьцуулбал хот өөр болж байгааг анзаарч байна уу?
-Та надаас ямар нэг магтсан үг хүлээж байгаа. Тэгэхээр би яаж муулах вэ? Би нэг их тал засдаггүй хүн. Түүний дээр би энд олон газраар яваагүй. Миний буусан зочид буудал /Невийн өргөн чөлөөн дэх нэг зочид буудал/ гэхэд олон зүйл барууны маягтай байна. Үүний сацуу бас олон зүйлийг барууны маягаар засаагүй байна. Гудамж талбай ямар өөр болсон, аж ахуйн үйл ажиллагааны хэлбэр өөр болж байгааг би анзаарч байгаа л даа... Нэг талаас үүнд баяр хүргэх хэрэгтэй. Нөгөө талаас энэ нь ... Хичнээн сая хүн ерөөс ямар нэг зүйл худалдаж авах боломжоо алдсныг бод л доо. Би энэ тухай бас бодож байна. Дашрамд дурдахад, би ЗХУ-аас зугтаж гараагүй бол өөрчлөн байгуулалт ерөөс эхлэхгүй байсан гэж зарим хүн үздэг. Тэгэхээр улс оронд ядуучууд байгаад би буруутай болж таарч байна. Би энэ тухай ч боддог. Би олон юмны тухай боддог. Харамсалтай нь, шатрын үйл ажиллагаа үүнд нэмэр болдог.
-Манай хотод таныг сайн мэддэг, санаж байдаг...
-Саналгүй яахав. Таксинд суугаад нэрээ хэлэхэд жолооч нь «Та амьд байгаа юмуу?» гэж гайхдаг /инээнэ/.
-Та 1999 онд Санкт-Петербургт Борис Спасскийтай халз тоглосныг санаж байна. Арван жилийн дараа Борис Васильевичтэй дахиад нэг тоглохыг та хүсэхгүй байна уу?
-Та Спасскийг надтай дахиад тоглохыг хүсч байгаа гэж итгэж байна уу? Та яагаад түүний өмнөөс ярина вэ? Тэр амьдралдаа сэтгэл хангалуун байгаа, шатар дахиад тоглохыг хүсэхгүй байгаа.
Түүнээс гадна миний оролцсон тоглолт Санкт-Петербургийн хувьд сонирхолтой гэж та үзэж байгаа бол надтай тоглохыг хүссэн хүмүүсийг та түвэггүй олно. Тэд заавал миний үеийн хүн байх албагүй. Залуу, бүр залуу байж болно. Арван жилийн өмнө Спасскийтай тоглосон тэр тоглолтын тухайд бол үнэхээр сонирхолтой болсон. Хоёулангийнх нь чансаа тийм ч өндөр байгаагүй ч бид хоёрын тоглолт шатрын түвшингийн хувьд тун дажгүй болсон. Энэ бол хотын шатрын хувьд, түүнийг харж байсан залуу шатарчдын хувьд амжилт байв. Түүнийг яагаад давтаж болохгүй гэж?
-Та ер нь амьдралд, тухайлж хэлбэл шатарт юунд харамсдаг вэ?
-Хүн бүрийн хувьд харамсах юм зөндөө гаралгүй яахав. Харин миний хувьд бол энэ асуулт нилээд оройтсон шинжтэй нь илэрхий. Урьд би дэлхийн аварга болоогүйдээ харамсаж байсан. Дараа нь энэ титмийг аваагүйд хэн ч буруугүй юм байна гэж бодсон. Миний араншин л буруутай. Тодруулж хэлбэл, би засч чадаагүй араншингийн маань сул тал. Үүний улмаас би дээд оргилд хүрч чадаагүй юм.
Тель-Авив, Нью-Йоркт Оросоор ярьдаг олон шатарчинтай
-Урьд өмнө ялагдашгүй байсан эх орны шатрын байдлыг та хэрхэн үнэлнэ вэ? Таны бодлоор, манай их мастерууд Дэлхийн шатрын гуравдугаар олимпиадад яагаад дараалан ялагдав аа?
-Оросын их мастерууд Дрезденд /Германы энэ хотод шатрын сүүлчийн олимпиад болсон юм. - Ред/ яагаад муу тоглосон бэ? Та өөрөө бодоод үз л дээ. Олимпиадын эхний өдөр Орос-Швейцарын багийн тоглох өдөр нэгдүгээр ширээнд надтай тоглохоос Крамник татгалзсан. Түүний оронд Свидлер тоглож, бид хоёр хайнцсан. Крамник надаас айсан байх гэж би ярихгүй, зүгээр л оросын шатарчид нэг их хичээлгүй хожиж дасчээ. Энд эхний өдрөөсөө л хичээх хэрэгтэй болсон. Тэгээд яасан билээ. Нэг нь татгалзсан, бас нөгөөх нь татгалзсан... Багийнхан тийм байх ёстой гэж үү? Эцсийн дүнд оросын шатарчид тавдугаар байранд орсон. Дараа нь манай баг урагшилж байна, хоёр жилийн өмнө зургаад байсан шүү дээ. Гэтэл Армены шигшээ баг байрандаа байх юм. Туринд нэгдүгээрт байсан, Дрезденд дахиад л нэгдүгээрт байна гэж хошигносон.
-Хямралаас гарах арга байна уу?
-Илэн далангүй ярихад, бий болсон нөхцөл байдал сүүлийн хэдэн арван жилд Оросын шатрын ертөнцөд болж өнгөрсөн тэр үйл явцыг бодитой тусгаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай олон шилдэг их мастер харьяаллаа сольж, одоо Оросын төлөөлөгчид дэлхийн олон арван оронд тоглож байгааг та анзаарч байгаа байх. Жишээ нь, 1992 онд Манилд болсон олимпиадад 150 багийн 120-д нь ЗХУ-аас гаралтай хүмүүс тоглож байсан. Дрезденд ч иймэрхүү байв. Урнаар өгүүлбэл, Тель-Авивын өмнөөс тоглодог «Москва-2» баг байхад Нью-Йоркийн өмнөөс тоглох «Москва-3» баг байна. Тэнд бас англиар орос аялгатай ярина.
Шатарчдаа дэлхийгээр нэг тараачихаад урьдын адил давамгайлж, шатрын олимпиадад түрүүлэхийг хүсээ юу? Тийм байдаггүй юм. Тэр тусмаа шатрын хамаг мэдлэгээ олон зуун оронд түгээсэн. Тэгэхээр бидний эсрэг сайн тоглодог хүмүүс ЗХУ бутрахаас өмнөх үеийнхээс хавьгүй хүчтэй болжээ.
-Харин та одоо залуучуудад мэдлэгээ эзэмшүүлж байна. Та авьяаслаг залуу их мастер Никита Витюговт хичээл заахаар нэг бус удаа ирж байгаа.
-Би арай ахиу мэддэг байж магадгүй. Би дөчин жилийн өмнө ЗХУ-ын дөрвөн удаагийн аварга байхдаа шатраар хэрхэн хичээллэдэг байсан шигээ Никитаг тэгж ажиллахыг сургаж байгаа. Одоо би өөрөө тэгж ажиллах чадал хүрэхгүй байна. Харин тэр ингэж ажиллах хэрэгтэй. Би тийм ч олон шавьгүй. Над дээр хүмүүс ирдэг, олон хүн өөрийгөө миний шавь гэдэг. Жишээ нь,Василий Иванчук, Борис Гельфанд хоёр над дээр нэг бус удаа ирж байсан ч би энэ гарамгай шатарчдыг шавиа гэж хэлж чадахгүй. Тэр хоёр одоо тун сайн тоглож байгаа. Зарим хүн өсч дэвжилгүй, ерөөс шатрыг орхисон. Жишээ нь, Жоэль Лотье байна.
Үүний өмнө тэр манай улсын эмэгтэйтэй гэрлэж, Москвад нүүж очсон.
-Та шавь нараа бэлтгэж, тэмцээнд байнга тоглож амжих юм.
-Өнгөрсөн оны сүүлийн саруудад би тун муу тоглосон. Юуны өмнө бие тааруугаас болсон. Даралт хөдлөөд. Биеэ бүр дордуулчихгүйн тулд олон эм уудаг. Тийм олон эм ууж байхад шатар тоглох боломжгүй. Ер нь би өөрийн биш, харин шавь нарынхаа амжилтаар бахархах болж байна.
Карповтай дипломат харилцаатай
-Дэлхийн шатрын аваргын тэмцээн одоо ямар журмаар болох нь огт ойлгомжгүй байгаа. Өнгөрсөн оны эцсээр ФИДЕ-гийн санал болгосон шинэ хэлбэрийг олон их мастер зад эсэргүүцсэн. Өнөөгийн нөхцөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ямар хэлбэр хамгийн зохистой вэ? Ер нь төгс сайн хэлбэр гэж бий юу? Та хэрхэн үзэж байна вэ?
-Би алдар нэр хүсч дэлхийн аваргын төлөө тэмцэх бодолгүй гэдгээ нэг бус удаа хэлж байсан. Тийм болохоор шатрын дээд хүрээлэнд юу болж байгааг төдий л анхааралтай авч үздэггүй. Тэр тусмаа Олон улсын шатрын холбоонд болж байгаа үйл явдлыг төдий л анхаардаггүй. Ноён Кампоманес ФИДЕ-гийн хүндэт ерөнхийлөгч байж, Дрезденд шатрын олимпиад явуулахыг удирдаж байхад ФИДЕ-д болж байгаа үйл явдлыг хэрхэн буурьтай харж болох билээ?! Би яагаад Кампоманесыг эсэргүүцдэг вэ? Филиппинд Карпов бид хоёрын тоглолтыг зохион байгуулж байсан болохоор түүнд дургүй байх хувийн шалтгаан надад байсан юм.
-Анатолий Карпов та хоёрын харилцаа сайнгүй байсан. Гэхдээ та хоёр жилийн өмнө Одесст болсон тэмцээнд хамтдаа нэг биш, хэдэн өрөг тоглосон. Харилцаа муу байсныг цаг хугацаа эмчлээ юу?
-Би Карповыг ойлгодоггүй. Би Борис Спасскийтай олон зүйлээр зөрчилддөг. Бүр эвэлхээргүй маргадаг ч түүнийг ойлгодог. Харин Карповыг ойлгодоггүй. Бид өөр өөр үеийнх болоод тэр үү, нэг л таардаггүй юм. Бид нийтийн өрөг задлан шинжилж чадна. Гэвч ингэж задлан шинжлэхэд хүртэл тэр бүх зүйлд өөрийгөө давуу гэж үздэг. Урьдын сэхүүн санаагаа орхидоггүй байж магадгүй... Гэхдээ бид хоёр ерөнхийдөө дипломат харилцаатай. Түүгээр ч барахгүй Анатолий Карпов бид хоёр дэлхийн клубын аварга шалгаруулах тэмцээнд нэг багт тоглож байлаа...
-Та бас Михаил Тальтай ч зөрчилддөг байсан.
-Намайг Филиппинд Карповтай тоглоход Таль туслах нь байсан юм. Түүнээс гадна тэр үед Михаил энэ тоглолтын явцыг «Советский спорт» сонинд бичдэг байсан. Тэр бичсэн сурвалжлагадаа үйл явдлыг буруу тайлбарлаж, намайг л муулдаг байв. Би энэ нийтлэлүүдийн тухай мэдээд, энэ талаар юу бодож байгаа бүхнээ түүнд оросоор ч, англиар ч хэлсэн. Их мастер хүн миний талаар тийм балай юм бичиж яахин болох вэ? Михаил Таль бид хоёр олон арван жил үерхсэн улс шүү дээ. Гэтэл тийм юм бичиж байдаг... Гэвч хүн мөнгө олох болохоор тэгдэгийг ойлгох хэрэгтэй.
-Та ЗХУ-аас бүрмөсөн явсан гэж ярьдаг. Эргэж ирэх хүсэл хэзээ ч төрж байгаагүй юу?
-Хүсч байгаагүй ээ. Гэхдээ нөхцөл байдлыг таамаглан бодож байсан үе бий. Гэвч цаг хугацаа улирах дутам энд найз нөхөд маань цөөрсөөр байна. Тэгэхээр чин сэтгэлээсээ ярилцах хүнгүй болохоор эргэж ирж яах вэ дээ?
-Оросын харьяат болгохыг танд Горбачев санал болгож байхад та яагаад татгалзсан юм бэ?
-Энэ бас нарийн учиртай. Тэр үед би үнэн хэрэгтээ зөвхөн Швейцарын харьяат болохын төлөө л тэмцэж байсныг ойлгоорой. Чухамыг өгүүлбэл, би татгалзаагүй бол Швейцарын ч харьяат болж чадахгүй байсан юм.
-Таны хувьд хамгийн «эвгүй» учраа хэн байсан бэ?
-Пауль Керес. Би түүнд цагаанаар ч, хараар ч хэд хожигдсон. Би лав л дөрвөн өрөгт хожигдсон. Түүнийг нас барахаас хагас жилийн өмнө л ганц хожсон. Би нилээд залуу байхдаа аварга шалгаруулах нэг тэмцээн дээр дараалан хэд хожоод, гойд урамтай тоглож байлаа. Би ганц хожигдсон нь мөн Перес байсан. Тэгэхдээ огт тэмцэлдэж чадаагүй. Түүнээс гадна түүний арга барил надад их таалагддаг байсан.
-Шатрын бүх түүхэнд хамгийн хүчтэй шатарчин гэж та хэнийг үздэг вэ? Эхний гурвыг нэрлэнэ үү?
-Хамгийн зөвөөр хэлбэл, Каспаров, Каспаров, бас дахин Каспаров. Хэдэн жилийн өмнө ийм санал асуулга явуулахад ихэнх их мастер Фишерийг ХХ зууны хамгийн хүчтэй шатарчин гэсэн байсан. Харин би Каспаровын төлөө байсан. Ер нь эхний гуравт би Фишерийг ч, Каспаровыг ч, магадгүй Ласкерыг оруулах байна.
-Та шатраас өөр юу сонирхдог вэ?
-Урьд би төгөлдөр хуур тоглож, шүлэг унших дуртай байсан... Би шүлэг, адал явдалтай зохиол унших дуртай. Адал сэдэвтэй кино үзэх дуртай. Нэг үе би машин барих дуртай байв /Би энэ тухай намтрын номондоо бичнэ/ Гэвч нэг удаа Васильевскийн арлын өргөн чөлөөнд би Замын цагдаагийн газрын машиныг мөргөсөн. Миний жолоочийн үнэмлэхийг хурааж аваагүй /нэр хүндтэй хүн байна гэж бодсон байх/, гэвч би шоконд орж, машин жолоодохоо больж, одоо явгаар их явж байна. Хэдэн арван жилийн өмнө надад илүү олон талтай хөтөлбөр байсан байж болох юм.
Шатрын сургуулийг Корчнойн нэрэмжит болгосонгүй
Вологда хотын шатрын дунд сургуулийг тэнд ирсэн В .Л. Корчнойн нэрэмжит болгох ёстой байжээ. Энэ үйл явдалд зориулан тусгай самбар бэлтгэж, түүнийгээ Виктор Львовичийг оролцуулан нээхээр төлөвлөж байжээ. Гэвч байгууллагыг нэрэмжит болгох гэвэл тухайн хүн нас барсаны дараа л нэрэмжит болгох хуультай учир энэ санаанаасаа эцсийн мөчид татгалзав. Корчной шиг хүний талаар л хууль мөрдөх ёстой нь илэрхий. Орос Улсад А.Карповын нэрэмжит хэдэн клуб бий. Бас Пойковскийд түүний нэрэмжит тэмцээн явуулдаг. Петербургийн Москвагийн районд Б.Спасскийн нэрэмжит хүүхдийн клуб ажилласаар олон жил болж байна.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...