by Жавхлан » Mon May 21, 2007 4:00 am
Ц.Энхжаргал: Би одоо л барилдаж сурч байна
Гавьяат тамирчин Ц.Энхжаргал Бишкекийн дэвжээнд одтой барилдаж, Азийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсныг өмнөх дугаартаа мэдээлж байсан билээ. Энэ нь Энхээгийн хувьд тивийн АШТ-ий хоёр дахь алтан медаль. Мөн ДАШТ болон Азийн наадмын хүрэл медаль түүний цуглуулгад бий.
Кыргызээс ирээд түүний сэтгэл Улаанбаатарт нэг л тогтохгүй байгаа бололтой. Ховдод суугаа аав ээжээрээ медалиа мялаалгах хүсэлдээ автаад тэр. Дасгалжуулагчаасаа долоо хоногийн чөлөө авсан бөгөөд аян замын хоногуудыг тооцохгүй шүү хэмээн “даварч” амжив. Ц.Энхжаргал гавьяаттай ушигчдаа уулзуулья.
-Азийн аваргын алтан медалиа ихэрлүүлсэндээ баяртай байгаа нь мэдээж. Аварга болсон тэр агшинг сонины нүүрнээ үлдээвэл ямар вэ?
-Аваргын төлөөх барилдаанд Тайландын бөх С.Клаханыг цэвэр ялсан. Анх Азийн аварга болсон тэр хэмжээнд сэтгэл хөдлөөгүй. Харьцангуй сэтгэлээ барьдаг болчихож. Гэхдээ харийн тэнгэрт эх орныхоо дууллыг эгшиглүүлэх сайхан байсан.
-Бишкекийн дэвжээнд хийсэн барилдааны хамгийн хэцүү учраа хаанахын тамирчид байв?
-Хэсэгтээ Казахстан, БНХАУ-ын бөхчүүдтэй хийсэн барилдаан нэлээд хэцүү байсан.
-Тамирчин хүнд сэтгэл амар байх цаг олддоггүй юм шиг санагддаг. Бээжингийн олимп жилийн дараа болно. Олимпийн эрх авах хэрэгтэй. Эрх авсны дараа олимпийн дэвжээнд барилдтал түмэн завгүй. Олимпийн дараа дахиад л дөрвөн жилийн цикл эхэлнэ…
-Есдүгээр сард болох ДАШТ-ээс олимпийн эрх олгоно. Одоогоор миний гол зорилго бол олимпийн эрх авах. Тиймээс бэлтгэлээ эрчимтэй хийж байна.
-Тамирчин болоогүй бол ямар мэргэжил сонгох байв?
-Төмөр замчин болох байсан. Ер нь л би төмөр замд сэтгэлтэй. Тамирчин болоод Төмөр замын дээд сургуульд орсон. “Замчин” клуб үргэлж дэмжиж тусалдаг. Ингээд бодохоор төмөр зам амьдралтай минь салшгүй холбоотой.
-Тэгвэл төмөр замаар аль зэрэг олон оронд очиж, тэмцээнд оролцсон бэ?
-Галт тэргээр тийм ч олон аялаж байгаагүй.
-Ингэхэд таны багын мөрөөдөл биелсэн үү?
-Үргэлж бөх болно гэж бодож явсан.
-Нэг хэсэг эмэгтэйчүүд бөх барилдана гэхээр эвэртэй туулай үзсэн мэт бодох хүн олон байсан. Гэр бүлийнхэн тань анхнаасаа л дэмжсэн үү?
-Чөлөөт бөхийн секцэнд анх хичээллэхэд дургүйцэж байсан. Миний сонгосон спортын амьдралд аав ээж минь сэтгэл хангалуун явдаг.
-Тив, дэлхий, олимпийн наадмуудад хүч сорьсон таны хувьд сэтгэлд хоногшсон дурсамж…
-Азийн АШТ-ээс анх мөнгөн медаль аваад маш их баярласан. Мөн УАШТ-д анх түрүүлсэн мөч, ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн агшин хамгийн сайхан санагддаг.
-Дэлхийн хэдэн оронд очиж үзээд байна?
-10 гаруй оронд очсон. Тэдгээрээс таалагдсан нь Швейцар, Япон. Кыргызстан ч бас давгүй орон.
-Монгол минь ийм болоосой гэж бодно биз?
-Тэгэлгүй яахав. Модод, цэцэгсийг хараад эх орон минь ийм болоосой гэж өөрийн эрхгүй хүсдэг. Одоо хавар цаг болоод ч тэр үү, Монголд гал түймэр их гарч байна. Хайран модод, уул толгод минь гэж бодохоор сэтгэл хачин болчихдог юм.
-Тэгвэл Америк ч юм уу, өндөр хөгжилтэй оронд төрөх минь яалаа гэсэн бодол төрдөг үү?
-Яалаа гэж. Би Монголдоо хайртай, эх оронч үзэлтэй хүн. Хэзээ ч өөр оронд төрөх минь яав даа гэж боддоггүй.
-Эх оронч бүсгүйн хувьд гадаадын тэмцээнээс Монголдоо медальгүй ирэх хэцүү биз?
-Тийм шүү. Буруу хэрэг хийчихсэн юм шиг санагддаг. “Би яах гэж тамирчин болов доо” гэж өөрийгөө зэмлэх нь ч бий. Өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцоод ингэж бодсон шүү. Хагалгаа хийлгээд 14 хоногийн дараа бэлтгэлд орсон. Тиймээс санасан хэмжээнд барилдаж чадаагүй. Энэ үед ДАШТ-ийг өнждөг байж дээ гэж бодсон. Өөрөөсөө ч ингэж асуусан. Тэр цаг мөч дахиж ирдэггүй нь хамгийн харамсалтай.
-Алдаагаа давтахгүйг хичээдэг л байх. Гэхдээ хүслээр болдоггүй зүйл гэж бас бий…
-Би бэлтгэлдээ бүхнээ зориулж, хичээж мэрийж байгаа. Одоо л би бөх барилдаж сурч байна. Үнэн шүү. Ингээд бодохоор урьд нь тамирчин гэж дуудуулж явсан минь худал ч юм шиг. Өрсөлдөгчдөдөө судалгаа хийж, хожих аргыг хайдаг болж байна.
-Одоо та хэдтэй билээ?
-26 настай.
-Таныг зөвхөн тамирчин бус гавьяат хэмээн тодотгодог. Чөлөөт бөхөөр анх хичээллэсэн бүсгүйчүүдийн нэг, бас энэ төрлөөр гавьяат цол хүртсэн анхны эмэгтэй. Тэгэхээр бусдаасаа та алхам илүү явж байна…
-Би ингэж боддоггүй. Нөхөд маань ч гэсэн амжилт ялалтын төлөө хөдөлмөрлөж байна. Бидний зорилго нэг. Төр засгийн эрхэм дээд шагналыг хүртээд маш их баярласан. Гавьяат тамирчин болсон гэдэгтээ итгэхгүй явсан удаатай. Хүмүүс гавьяатаа гэж дуудахад дооглоод байх шиг санагддаг байлаа. Энэ цолдоо одоо дассан.
-Тамирчин бүсгүйчүүдийн ар гэрийн амьдрал орхигддог нь нууц биш. Өөрийн тань хувьд…
-Нөхрийг минь Г.Ерөөлбат гэдэг. Аэробикийн олон улсын шүүгч. Спортын хүмүүс болохоор бид бие биенээ сайн ойлгодог.
-Та аэробикээр хичээллэдэг үү?
-Хичээллэдэг. Уян хатан чанар, хөдөлгөөний ур чадвар дээшлүүлэхэд аэробик нөлөөтэй.
-Тэгвэл хөгжмийн мэдрэмж сайтай байх нь ээ?
-Би хөгжим сонсох дуртай. Энэ нь миний хообий гэж болох юм.
-Та өөрийгөө эх оронч үзэлтэй гэж ярилаа. Ингэхэд Монголынхоо түүхийг хэр сайн мэдэх вэ?
-Аав минь түүх, нийгмийн багш. Манайд түүх нийгмийн ном маш олон байдаг. Тэр ч утгаараа би Монголынхоо түүхийг иргэн хүнийхээ хэмжээнд мэднэ. Эх оронч үзэлтэй болсон минь ч үүнтэй холбоотой байх.
-Аав ээж тань хотод шилжиж ирсэн үү?
-Үгүй. Ховдын Эрдэнэбүрэн суманд амьдардаг. Хэд хоногоос нутаг явна.
-Сумын төвд өссөн үү, эсвэл малын бэлчээрт үү?
-Төвд өссөн. Зундаа л хөдөө зусдаг байлаа.
-Чөлөөт бөхөөр хичээллээд хэдэн жил болж байна?
-2000 оны намар чөлөөтийн секцэнд орсон. Тэр цагаас завгүй амьдрал минь эхэлсэн дээ .
-Тэр үеийг бодоход та олны танил нэгэн болжээ…
-Би хүмүүсийн анхаарлын төвд байх дургүй. Төгс хүн гэж байдаггүй боловч хүмүүс өө хайгаад байдаг юм.
-Тэгвэл өөрөө өөрөөсөө өө хайдаг уу?
-Өөрийгөө өөр өнцгөөс харж сурч байгаа. Амжилтгүй оролцсон тэмцээн бүхэнд өөртөө шүүмжлэлтэй ханддаг.
-Тамирчдыг сэтгэл зүйн хувьд бэлтгэх шаардлагатай гэсэн дүгнэлт олон жилийн өмнө гарсан. Үүний тулд бясалгал хийх хэрэгтэй гэлцэх болж. Бясалгалын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би бясалгалд явж байгаагүй. Гэхдээ мөн чанарынх нь талаар боддог юм. Бүх зүйлд нигүүлсэнгүй ханд, бухимдаж болохгүй гэж сургадаг. Энэ нь нэг талаар зөв л байх. Нөгөө талаар бясалгал спортод тохиромжгүй санагддаг. “Надад өрсөлдөгч гэж байх ёсгүй, оноо авбал аваг” гэж бодоод барилдаж болохгүй биз дээ. Гэхдээ бясалгалын нарийн учрыг мэдэхгүй юм.
-Тэгвэл шүтлэгтэй юу?
-Шүтлэгтэй. Сүүлийн үед ганданд очоогүй юм байна шүү.
Ц.Энхжаргал өөрийгөө уян зөөлөн зантай гэж тодорхойлсон. Гэхдээ бэлтгэлийн ачаалал, тэмцээн уралдаанаас шалтгаалан тэр хэрээр бусадтай харьцдаг байж магадгүй хэмээн өгүүлж байв. З.Дүвчин, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагч Б.Төмөрбаатар, дасгалжуулагч Д.Сэрээтэр зэрэг багш нартайгаа гар нийлэн ажиллаж байгаадаа баяртай буйгаа өгүүлсэн юм.
Тэрбээр төрсөн гэртээ хэд хоног амраад ахиад л бэлтгэлээ базаана. Хилийн чанадад тэмцээнд оролцохдоо монгол хоолоо их санадгаа ч хүүрнэв. Яг одоо тэр ээжийнхээ гарын хоолыг идэж байж ч магадгүй. Жин хязгаарлахаас урьтан монгол хоолоо ханатлаа иддэг зуршилтай аж.
mongolnews.info
★★MIA SAN MIA★★