НЭЙМАРЫН ТАЛААРХИ 9 БАРИМТ
Нэймар гэдэг нэрийг бид нар сонсоод багагүй удлаа. Гэхдээ тоглолтыг нь үзэх боломж төдийлөн олдоогүй. Бразилийн шигшээ баг тоглоход хааяа харж, youtube-ээс бичлэгийг нь үзэхээс нэг их хэтрээгүй. Тэгвэл ирэх улирлаас яагаад энэ 21 настай "сөөсгөр" хүүгийн төлөө топ багууд амь тавин өрсөлдөж байгаа шалтгааныг мэдэх боломжтой боллоо.
Ирээдүйн Пеле гэгдээд байгаа залуу авьяастан Реал Мадридтай удаан хугацаанд нэр холбогдсон боловч эцэст нь Барсагийн Блауграна өмсгөлийг сонголоо. Европын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд түүний талаар 2 янзын таамагтай байгаа бөгөөд эхнийх нь Барсагийн тоглолтонд хурдан дасаж, Европийг бужигнуулна, эсвэл дэндүү овер-рэйтэд гэдэг тар нь танигдаж, нутаг буцна гэх маягийн зүйлсийг бичиж байгаа. Ямартай ч асар их дуулиан шуугиан дагуулан Каталонд ирж байгаа Нэймарийн талаар ерөнхий мэдээлэлтэй болцгооё.
ААВ НЭЙМАР
Нэймар 2011 онд 19 настай байхдаа үрийн зулай үнэрлэжээ, Тэрээр хүүдээ Дави Лукка хэмээх нэр хайрласан бөгөөд "Тэр бол 2.8 кг миний аз жаргал" хэмээн ярьсан байдаг. Гэхдээ хүүгийн эх 17 настай эмэгтэй түүний найз бүсгүй байгаагүй бөгөөд цаашдаа ч хамт амьдрахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
"Би аав болсон гэдгээ сонсоод нулимсаа барьж чадаагүй. Эхлээд би айсан. Дараа нь маш гайхалтай санагдаж, бүр бүжиглэж эхэлсэн юм. Би өөрийгөө шинэ үүрэг хариуцлагатай болж байгааг маш сайн ойлгосон"
БАЯН НЭЙМАР
Европт хөл тавихаасаа өмнө Нэймар дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн баячуудын тоонд багтаж чадсан. 2012 онд France Football сэтгүүлээс гаргасан судалгаагаар 21 настай Бразил залуу баян хөлбөмбөгчдийн жагсаалтын 7-д эрэмбэлэгдсэн байна. Тэрээр цалин, нэмэгдэл авахаас гадна болон талбайн гаднах зар сургалчилгаа, ивээн тэтгэгчдийнхээ ачаар жилд 13.8 сая евро халаасалдаг юм байна. Харин Испанид ирээд энэ тоо улам өсөх нь тодорхой.
РЕАЛД ОРОХ ДӨХСӨН НЬ
14 настайдаа Нэймар Реал Мадрид элсэхээр Испанид очиж байжээ. Тухайн үед Эзэн хааны багт Зинедин Зидан, Роналдо, Робиньо зэрэг одод тоглож байлаа. Бразил хүү Реалын академийн шалгалтыг давж, Мадридaд үлдэхээр ярилцаж байсан боловч Сантос түүнийг багтаа үлдээхээр 370 мянган еврог төлснөөр ирээдүй нь шийдэгдсэн юм. Эзэн хааны баг тухайн үедээ ирээдүйд хэдэн арван саяар үнэлэгдэх авьяастныг алдаж байна гэдгээ хараахан мэдээгүй байх. Харин Сантос гарцаагүй мэдэж байлаа.
ГАНСО БА НЭЙМАР
Өдгөө Сан Паулуд тоглож байгаа бас нэгэн Бразилийн "хурц од" Гансо бол Нэймарийн сайн найз. Тэд Сантосын академинд хамт тоглож байхдаа танилцсан бөгөөд өнгөрсөн жилийг хүртэл хамт тоглож байсан юм. Гансо өнгөрсөн жил Сантосын заналт өрсөлдөгч Сан Паулу руу шилжсэнээр найзтайгаа уулзахад нилээн хэцүү болжээ. Сантосын фенүүд түүнийг "урвагч" хэмээн нэрлэж клубын ойролцоо ирэхийг нь хориглосон байна.
ДУНГА-Д ГОЛОГДСОН НЬ
2009 онд явагдсан 17 хүртэлх насны Дэлхийн аваргын дараа Пеле, Ромарио, Зико зэрэг Бразилийн домгууд Нэймарийг өндрөөр үнэлсэн юм. Улмаар тухайн үеийн Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Дунгад Нэймарийг Өмнө Африкийн дэлхийн аваргын бүрэлдэхүүнд багтаахыг шаардаж байлаа. Зөвхөн Пеле, Ромарио, Зикогоос адна Бразилийн фенүүд ихэнхи нь түүнийг Өмнөд Африкт харахыг хүсч байсан. Бүр 14 мянган хүний гарын үсэгтэй захидлыг Дунгад илгээж байлаа Хэдийгээр олон нийтийн шаxалтанд орсон боловч Дунга эцсийн мөчид Нэймарийг ДАШТ-д авч явахаас татгалзсан юм.
"Нэймарийн ур чадварыг би үгүйсгүй. Тэр үнэхээр гайхалтай авьяастай залуу. Гэхдээ Дэлхийн аваргын бүрэлдэхүүнд багтах хэмжээнд арай хүрээгүй байна, Түүнд хугацаа хангалттай байгаа"
Улмаар дэлхийн аваргын дараа Бразилийн шинэ дасгалжуулагч Мано Менезес Нэймарийг шигшээ багт дуудаж нөхөрсөг тоглолтонд оролцуулсан юм.
НЭЙМАР БА ОДОД
Бразилаас шинээр төрөн гарч ирж байгаа авьяаслаг залуу тоглогчдыг Пеле-тэй харьцуулах нь элбэг байдаг. Нэймарийг ч гэсэн энэ бүхэн тойроогүй. Нэймар, Пелегийн адилаар Сантосын академиар хүмүүжсэн, тоглолтын арга барил нь төстэй учраас "Хөлбөмбөгийн хаан"-тай харьцуулах нь элбэг байдаг. Өнгөрсөн жилийн хавар Сантос клубын 100 жилийн ойгоор сэтгүүлчид Пелегээс Нэймарын талаар асуухад "Одоо хүн болгон Мессигийн талаар ярьж байна. Тэр бол яах аргагүй дэлхийн хэмжээний од. Гэхдээ бүх цаг үеийн шилдэг болохын тулд эхлээд Нэймарыг давж гарах хэрэгтэй. Яг одоогоор Месси бол туршлагаар л Нэймаараас бага зэрэг илүү байх" хэмээсэн юм.
Өдгөө Атлетико Минэйрод тоглож байгаа Роналдинь Нэймарын талаар "Би түүнийг хэр хол явж чадахыг төсөөлөхгүй байна. Ойрын хоёроос гурван жилийн хугацаанд тэр дэлхийн шилдэг болж чадах байх" хэмээсэн юм.
Харин Нэймарын хувьд өөрөө хэн нэгэнтэй харьцуулагдах дургүй бөгөөд өөрийнхөө замналаар явахыг хүсдэг гэдгээ хэлж байсан. Мөн Мессигийн дэмжигч бөгөөд түүний тоглолтыг үзэж урам зориг авдаг гэдгээ ярьж байсан.
ЭЦЭГ ХҮҮ - НЭЙМАР
Түүний эцэг Нэймар да Силва мэргэжлийн тоглогч байсан бөгөөд одоо хүүгийнхээ санхүүг хариуцаж, төлөөлөгчөөр нь ажилладаг. Нэймарын байгуулсан гэрээ болгоноос 10 хувь нь эцэгт нь очдог юм байна.
"Аав маань намайг үргэлж дэмжиж, урамшуулдэг байсан. Түүний ачаар л би өдий зэрэгтэй явж байна. Гэр бүлийнхээ санхүүгээс гадна миний санхүүгийн асуудлыг ч аав маань хариуцдаг"
АВАХАД БЭРХ НЭЙМАР
Сүүлийн хэдэн жил олон топ багууд Нэймарыг авахаар өндөр хэмжээний санал Сантост хүргүүлж байсан, Тэдний дунд Уэст Хэм ч багтаж байгаа. 2010 оны зун Лондоны баг 12 сая фунтыг Сантост санал болгосон ч мэдээж үр дүнд хүрээгүй. Тевес, Машерано шиг авчираад үнэ хүргэж зарья гэж бодсон бололтой. Сантос Нэймарын худалдах эрхийн зөвхөн 50 хувийг эзэмшиж байсан бөгөөд бусад хувь нь Бразилийн Сонда, Тэйриа зэрэг томоохон компаний эзэмшилд байсан юм.
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
Нэймар 1992 оны 2 сарын 5-нд (Криштиану Роналду, Карлос Тевес мөн энэ өдөр төрсөн) Сан Паулугийн Можи-дас-Крузис дүүрэгт мэндэлжээ. 1.74 см өндөртэй. Сантосын төлөө 4 жил тоглохдоо лигийн 103 тоглолтонд 56 гоол оруулжээ. Харин Бразилийн шигшээ багт 2010 онооc дуудагдаж 32 тоглолтонд 20 гоол хийгээд байна.