by Мэргэн » Wed Aug 27, 2014 11:59 am
2014 оны 8 сарын 23-ны өдрийн гишүүд, дэмжигчдийн уулзалтад зориулж Кобигийн мэргэжлийн тамирчин болох хүртэлх намтарыг орчуулсанаа энд оруулъя. Нэмэлт болгоод Фил Жэксон өөрийн номондоо түүний талаар бичсэн хэсгүүдээс орууллаа. Уорд дээр 9 хуудас гэхээр нэлээд урт юм байна.
КОБИ
Коби Брайнт бол ахлах сургуулийн одоос коллежийг алгасан шууд л мэргэжлийн тамирчин болсон анхны хамгаалан тоглогч. Тэрээр өөрийн ур чадвараа НБА-д амжилттай нутагшуулж, 24 насныхаа төрсөн өдрөөр аль хэдийн гурван ч аваргын бөгж халаасалчихаад байлаа. Улмаар өсөн дэвжсээр уг тоглоомын түүхэн дэх хамгийн шилдэг олон талт тоглогчдын нэг болж, эцэст нь 4, 5 дахь бөгжөө зүүгээд байна. Энэ бол түүний түүх.....
Коби Брайнт 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Пенсильвани мужийн Филадельфиа хотод төрсөн. Түүний эцэг эх нь болох Joe, Pam нар Sharia, Shaya гэсэн хоёр охинтой байсан бөгөөд Коби тэдний гурав дахь, айлын отгон хүү болон мэндэлсэн юм. Брайнтынхан бусдын л адил энгийн нэгэн гэр бүл байсангүй. Эцэг Joe нь Филлигийн John Bartram ахлах сургуулийн домогт тоглогч байсан бөгөөд мэргэжлийн карьераа 3 нь ч өөр улсын лигт өнгөрүүлсэн нэгэн.
206 см өндөртэй ч холбон тоглогчийн байрлалд тоглох чадвартай Jellybean Joe-ийн хувьд НБА-д байр сууриа олж чадаагүй юм. La Salle их сургуулийн шилдэг тоглогч байсан тэрээр 1975 онд Голден Стэйт багт драфтлагджээ. Гэсэн ч Уорриорз түүнтэй гэрээ хийхээс татгалзсан учир Филаделфиатай тохиролцоонд хүрсэн юм. 76-чуудын эгнээнд 606 тоглолт хийсний дараа Joe Сан Диего Клиппер болон Хьюстон Рокитс багуудад тоглон 8,7 оноо дундажласан. Мөн тэрээр Европын мэргэжлийн лигт ч тоглож байв. Зарим нь түүнийг багуудад гологдсон гэцгээдэг бол өөр бусад нь тэр зүгээр л цаг хугацаанаасаа түрүүлээд төрчихсөн гэж ярьдаг. Учир нь түүний тоглолтын хэв маяг тухайн үеийн багуудын тактикт тохирдоггүй байсан бөгөөд бага зэрэг хожуу төрсөн бол од хэмжээний тоглогч болох байсан нь эргэлзээгүй юм.
Pam нөхрийнхөө карьерийн уналтын болоод бусад үед түүний талд байсаар ирсэн. Тэд хүүхэд ахуйгаасаа л хамтдаа байсан. Тэдний эцэг эхүүд нь Филадельфиагийн нэг хороололд амьдардаг байлаа. Тэд 1960-аад оны үед байнга л таардаг байсан бол 1970-аад оны үед коллежд байхдаа харилцаагаа гүнзгийрүүлж, удалгүй гэрлэсэн юм.
Коби сагсан бөмбөгөөр амьсгалж өссөн хүүхэд байлаа. Хүүгээ төрөөд жил болж байхад Joe солилцоогоор Сан Диегод ирсэн. Брайнтынхан нарлаг Өмнөд Калифорнид сэтгэл хангалуун амьдарч байв. Коби ч баруун эрэгт байгаадаа дуртай байсан юм. Тэрээр аль 3 настайдаа л НБА-ийн од болох талаараа хүмүүст ярьдаг болчихсон байв.
1982 оны зун Joe Рокитст орсноор тэдний гэр бүл Хьюстон рүү нүүхээр болсон. Илүү цалин авахын тулд амьдралынхаа төлөө хийсэн аавынхаа үйлдлийг ойлгож байсан Коби НБА-д илүү татагдаж эхлэсэн. Түүний дуртай тоглогч нь аавтай нь адил хүчний довтлогчид баймаар биетэй ч холбогчоор тоглодог Мэжик Жонсон байлаа. Түүний тоглолтын хэв маяг, хожил байгуулж буй зэрэг нь залуу хүүд нөлөө үзүүлж, Лэйкерс дуртай мэргэжлийн баг нь болсон юм.
Joe-ийн гэр бүл Хьюстонд нэг л улирлыг өнгөрүүлсэн. Рокитс түүнтэй шинэ гэрээ байгуулахгүй гэхэд нь тэрээр Италийн Rieti багтай гэрээ үзэглэсэн юм. Брайнтынхны сагсан бөмбөгийн амьдрал үргэлжилсээр л. Коби болоод түүний эгч нарын хувьд харь улс, мэдэхгүй хэл гээд л хоорондоо л харьцахаас өөр сонголтгүй байдал нь тэднийг улам нэгтгэж байлаа. Тэд өдөр бүр хичээлийн дараа шинэ Итали үг, хэлц цээжилсээр 2 сарын дараа гэхэд Италиар бараг л чөлөөтэй ярьдаг болжээ.
Эцэст нь Joe мэргэжлийн карьертаа том дэвшил гаргаж чадлаа. Тэрээр тоглолт бүрт тогтмол 30-40 оноо авч, цалин нь өсөн, гэр бүлийнх нь амьдрал ч сайжрав.
Кобигийн амьдрал аавынхаа сагсан бөмбөгийн хэмнэлээр өрнөж байсан юм. Тэр байнга л аавынхаа бэлтгэл дээр очиж, тоглолтыг нь үзэхгүй алгасах нь ховор байв. Коби аавынхаа хөдөлгөөнүүдээс суралцаж, түүний тоглолтыг дуурайхыг оролддог байлаа. Заримдаа тоглолтын хагас цагийн завсарлагаанаар талбайд гарч шидэн фэнүүдийг хөгжөөх нь ч бий.
Joe-ийн гэр бүл аялаж зугаалаагүй үедээ бусад Америк тоглогчдын гэр бүлтэй хамт цагийг өнгөрүүлдэг байсан. Тэдний дунд Tauja, Tamika зэрэг коллеж болон WNBA-ийн од тоглогчид ч байв.
Аавынх нь тохолт, харахгүйгээр өгдөг дамжуулалт зэрэг нь үзэгчдийг хөөргөж, чих дүлийрэм хашгирахад хүргэж байгаа зэрэг нь Кобид НБА-ийн мөрөөдлийн карьераа эхлүүлэх хүслийг нь улам төрүүлж байлаа. Гэсэн ч хөлбөмбөгт нэвт дурласан Италичууд түүнийг өөр зүйлд уруу татахыг оролдож байсан юм. Тэд Кобид урт гар, шалмаг хөдөлгөөн, үсрэх чадвар чинь чамайг дэлхийн хэмжээний хаалгач болгоно гэж нэг бус удаа хэлдэг байв.
Коби эмээ өвөөдөө үргэлж л талархаж явдаг. Тэд НБА-ийн тоглолтуудыг бичсэн хуурцагийг долоо хоног бүр Италид байгаа ачдаа илгээдэг байлаа. Аав, хүү хоёр тэдгээр болон Америкаас Joe-д ирсэн бусад бичлэгийг байнга л хамтдаа үзнэ. Аав нь хүүдээ мэдлэг, туршлагаа хэлж өгөн Коби ч суралцсаар байв.
Брайнтынхан Филадельфиад байх хамаатан садан, найзуудынхаа гэрт зун бүр зочилдог нь Кобид ур чадвараа сайжруулах боломжийг олгож байсан юм. 10 настайгаасаа хотынхоо Sonny Hill лигт орж, үеийнхээ болон өөрөөсөө ах хүүхдүүдийн эсрэг тоглох болов. Кобигийн аав болон нагац ах Жон нар тоглолоо илүү сайжруулах талаар түүнд зөвлөгөө өгдөг байлаа.
Joe шинэ багт орсноор 1991-92 оны Европын лигт оролцох болж гэр бүл нь Франц руу нүүжээ. Коби болон эгч нарынх нь хувьд энэ шилжилт хүнд туссан. Тэд Швейцарьт байдаг олон улсын сургууль руугаа бүтэн 2 цаг явдаг гээд л асуудал их байлаа. Joe зодог тайлж, эхнэртэйгээ зөвлөн Америк руугаа бүрмөсөн эргэж очих нь зүйтэй гэж шийджээ. Эгч нар нь коллежд, харин Коби ахлах сургуульд орох насанд хүрээд байсан үе.
Joe La Salle-д туслах дасгалжуулагчийн ажил орсноор Брайнтынхан Филадельфиагаас 10 миллийн зайтай Ardmore-д байшин худалдаж авав.Кобигийн хувьд Америк хүүхдүүдтэй харьцах нь хэцүү байсан бөгөөд нийгэмдээ дасан зохицох тухайд санаа нь зовж байлаа.
Энэ шилжилт нь Кобигийн талбай дээрх амьдралыг тасалдуулаагүй. Тэрээр 1992 оны Sonny Hill лигийн шилдэг тоглогчдын нэг байлаа. Коби Lower Merion ахлах сургуульд элсэж, нүүр царай нь болов. Дараа хавар нь биеийн хүчний тоглолтоо сайжруулахын тулд Temple их сургуулийн жимд явж эхэллээ. Тэнд хожим нэг багт орж, Коби сэлгээ нь болж байсан Эдди Жонестой найзууд болсон юм.
Кобигийн сагсан бөмбөгөөс гадуурх амьдрал нь тийм ч хялбар байсангүй. Тэрээр ангийнхантайгаа энгийн сайхан харьцаатай болох гэж мэрийж байв. Европт бусдын хайр ивээлд байсан бол Америкт ирээд өсвөр насныхны дарамт шахалттай тулгарчээ. Төрөлхийн даруухан, дуу цөөтэй Кобитой ахлах сургуулийн коридорт өдөр бүр л нэг үйл явдал тохиолддог байлаа.
Эцэст нь ахлах сургуулийн 2 дахь жилээс Кобигийн эргэн тойрны асуудал хүндрэл бэрхшээлгүй болж эхэлсэн юм. Мөн тэрээр сагсан бөмбөгтөө ч үлэмж хэмжээний дэвшил гаргаж эхэллээ. 183 см өндөр Коби ирээдүйд талбайн арын хэсэгт тоглох нь зөв гэсэн шийдвэрт хүрч хамгаалагчийн байрлалын тоглогчид байх ёстой бэлтгэл сургуулилтыг хийх болсон юм. Багаасаа л аавынхаа зөвлөгөөг дагаж ирсэн Коби аль ч ахлах сургуулийн ямар ч хамгаалагчийн шүдний өвчин болов.
Коби 1994-95 оны улирлын турш гялалзаж байлаа. Тэрээр 31,1 оноо, 10,4 самбар, 5,2 оновчтой дамжуулалт дундажлаж, Пеньсилвани мужийн оны шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Коби хамгаалагчаа сүйрүүлсэн кросс-овер залалтуудыг гайхалтай хийдэг байлаа. Тэр үүнийг зуны лигийн багт нь хамт тоглодог байсан найз God Shammgod-оос сурсан байдаг.
Тэсрэлтийнх нь жилийн дараа коллежийн мэргэжилтнүүдийн чихэнд түүний талаарх мэдээлэл түгэж эхэллээ. Удалгүй Коби сургуулиа маш сайн дүнтэйгээр төгсөж, коллежд орох шалгалтандаа тэнцэн цаашид суралцахад ямар ч саадгүй болсон юм. Коби Дьюк, Хойд Каролина, Вилланова болон Мичиганы их сургуулиудын нэгэнд орж магадгүй байв.
Гэтэл Чикагогийн сурагч байсан Кевин Гарнетт 1995 оны 6 сард болсон НБА-ийн драфтын нэгдүгээр тойргоор сонгогдчихдог юм байна. Тэгэнгүүт Коби шууд мэргэжлийн тамирчин болох замыг нухацтай бодож эхлэсэн юм. Тэр зун нь Joe өөрийн хүүгээ 76-чуудын нэг болгохоор бэлдэж эхлэсэн бөгөөд Коби ч биширмээр сайн байлаа. Тухайн үед Нью Жерсигийн Fairleigh Dickinson их сургууль дээр болсон бүх америкийн цугларалт дээр ч Коби скаутуудад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.
Коби ахлах ангидаа ч гялалзаж Lower Merion ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн оддын самбарт өөрийгөө залууллаа. Баг нь 32-3 гэсэн амжилт үзүүлж, 42 жилийн хугацаанд анх удаа мужийнхаа аварга болжээ. Сургуулийнх нь нэр тогтмол хэвлэл дээр гарч, коллежийн дасгалжуулагчид тоглолт бүрийн суудлыг дүүргэж, багийнх нь дасгалжуулагч нэлээд хэдэн томоохон тэмцээний урилга авах болов. Коби улирлыг 30,8 оноотойгоор дуусгаж, 4 жилд авсан оноо нь 2,883-т хүрч, 40-өөд жилийн өмнө Пенсильванийн сурагч Уилт Чамберлэйний тогтоож байсан амжилтыг эвдсэн юм.
Галзуу нэгэн улирал ийнхүү дууссаны дараа Италийн лигийн нэгэн баг Joe-ийг дасгалжуулагчаараа ажиллуулах санал тавьж, гэрээний нэг хэсэг нь болгож түүний хүү Кобиг багтаа элсүүлэх болзол тавив. Энэ хооронд Коби өөр ахлах сургуулийн сурагчид болох Нью Жерсигийн Тим Томас, Луизианагийн Лестер Эрл, Өмнөд Каролинагийн Жермэйн Онил нарын хамтаар Кевин Гарнеттийн НБА-д гаргасан жимийг дагах тухай бодоод эхлэсэн байлаа.
Дам яриагаар бол Коби бусдаасаа илүү НБА-д зохицох тоглогч гэж яригдаж байсан. Янз бүрийн шинжээчид түүний мэргэжлийн замналын талаар санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд Коби маргаангүйгээр НБА-д тоглож болохуйц биеийн өгөгдөлтэй гэдэг дээр санал нэгдэж байлаа. Дээр нь Коби 1996 онд Өмнөд Каролинад болсон цугларалт дээр скаутуудыг дуу алдуулж чадсан юм.
Эцэст нь Коби ахлах сургуулийнхаа зааланд хэвлэлийн бага хурал хийж, 12 сурвалжлагч болон камерын өмнө Boyz II Men хамтлагийн найзуудынхаа хамтаар өөрийн авьяасаа НБА-д газардуулахаар болсноо зарласан билээ. Удалгүй Уиллиам Моррисийг төлөөлөгчөөрөө сонгон, Адидас болон Спрайттай олон жилийн гэрээ байгуулжээ.
Хэвлэл мэдээллээр янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Зарим спортын сэтгүүлчид түүнтэй нэгэн үеийн Грант Хилл, Анферний Хардэвэй нартай түүнийг харьцуулж, довтолгооны чадвараараа л илүү гэж бичиж байлаа. Тэд өсвөр насны хүүг бэлэн гэдэгт итгэлтэй байсан юм. Харин зарим нь Кобигийн эцэг эхийг хүүгээ буруу шийдвэр рүү түлхлээ хэмээн шүүмжилж байлаа.
Тэр даруй Коби өмнөх оны 6 сарын Гарнеттын адилаар сонгогдож чадах уу гэсэн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Эхний 4 сонголтоор Маркус Кэмби, Аллен Айверсон, Стефон Марбури, Рэй Аллен гэсэн коллежоос нэр дэвшсэн тоглогчид сонгогдох магадлал өндөр байсан юм.
Коби аугаа тоглогч болж чадна гэдэгт итгэлтэй байсан багуудын дунд Лос Анжелес Лэйкерс болон түүний ерөнхийлөгч Жерри Уэст нар байлаа. Коби багийн ганцаарчилсан бэлтгэл дээр үсрэлт хийгээд олон хувилбартай довтолгооны чадвараараа тэднийг бишрүүлээд байсан юм. Лэйкерс Dontae’ Jones-тэй нэгийн эсрэг нэг тоглуулж үзэхэд Коби Mississippi мужийн одыг будаа болгосон юм.
Лэйкерс мөн Кобигийн өссөн орчин, хүмүүжлийг давуу тал, НБА-ийн тоглогчийн хүүхэд гэдэг утгаараа бусад тоглогчоос илүү лигт идээшиж чадна гэж үзэж байжээ.
Драфтын өдөр Уэст ид шидээ гаргалаа. Нэгдүгээрт тэр хамгаалах сэтгэхүйтэй Аркансасийн холбогч Дерек Фишерийг эхний тойргийн 24 дэх сонголтоор авав. Тэгээд Кобиг 13 дахь сонголтоор авсан Чарлотте Хорнетс багтай холбогдон, үнэ хаяцлсаны эцэст Влэйд Дивацаар Кобиг наймаалцаж чадлаа. Ингэснээр цалингийн цэсээ маш ихээр суллаж чадсан тул Орландогоос чөлөөт тоглогч болоод байсан Шакил Онилийг авах боломжтой болсон юм. Ингэснээр шинэ эзэнт гүрнийг бий болгож чадсан билээ.
Коби Лэйкерст орсондоо ухаангүй баярлаж байв. Дуртай багтаа орсноос гадна түүнтэй хамт гайхалтай авьяаслаг тоглогчид болох Ник Ван Эксел, Элдэн Кэмпбэлл, хуучны найз нь болох Эдди Жонес нар тоглож байлаа. Нэмээд аавыг нь Хьюстонд байхад нэг жил дасгалжуулж байсан Дэл Харрис дасгалжуулагч нь байв.
Коби 3,5 сая долларын 3 жилийн гэрээг байгуулсан бөгөөд зуны лигт 25 оноо дундажлажээ. Тэрээр байшин худалдаж аван, аав нь La Salle дахь ажлаасаа гарч, гэр бүлийн хамтаар Калифорнид нүүж ирлээ.
Нэгэн бэлтгэлийн үеэр Коби зүүн бугуйныхаа ясыг цуулж, улмаар 5 долоо хоног эмчлүүлэн нэлээд олон бэлтгэлийг таслажээ. Улмаар 1996-97 оны улиралд дасгалжуулагч Харрис болон багийн зүгээс 18 настай шинэ тоглогчоо яаран тоглуулахгүй байхаар шийдсэн юм. Кобиг тоглолтонд аажмаар дасгахаар болсноор тэрээр гараагаа Миннесота болон Гарнеттийн эсрэг хийжээ. Тэрээр 6 минутанд ганцхан шидэж, нэг удаа бөмбөгөө алдсан. Улирлын эхний хагаст Кобигийн тоглолт нэг л замбараагүй талдаа байлаа. Багийн хувьд ч Пасифик Дивизоны титмийг авахад түүнийг ашиглаад байх хэрэг ч бараг байсангүй.
Гэсэн ч нэгдүгээр сард дасгалжуулагч тоглолтондоо өөрчлөлт хийхээр шийдлээ. Ингэснээр 18 настай Коби 5 сар 5 хоногийн дараа НБА-ийн түүхэн дэх хамгийн залуу гарааны тоглогч болсон юм. Хэдэн долоо хоногийн дараа бүх оддын тоглолт болж, Коби шинэ тоглогчдын тэмцээнд 31 оноо авч, мөн тохолтын тэмцээнд түрүүлсэн Лэйкерсийн анхны тоглогч болсон юм.