by Г.Баяраа » Sun Jul 19, 2009 9:01 pm
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг үндэсний лигийн АШТ-ий энэ оны тэмцээнд оролцох багуудын нэр тодорлоо. Энэ удаагийн лигийн тэмцээнд өнгөрсөн жилийн найман баг оролцохоор болов.
Лигийн таван удаагийн аварга IV цахилгаан станцын “Эрчим”, гурван удаагийн аварга Эрдэнэтийн “Хангарьд”, 2005 оны аварга “Хоромхон”, “Мазаалай”, “Сэлэнгэ пресс”, “Хараацай”, “Хасын хүлгүүд”, “Улаанбаатар” дээд сургуулийн багууд оролцох юм. Дээрх багууд лигийн АШТ-ий сорилго болгон “Боргио кап” тэмцээнд энэ сарын 27-ноос эхлэн тоглох аж. Үүний дараа буюу долдугаар сарын 19-нд 14 дэх удаагийн хөлбөмбөгийн лиг хөшгөө нээх юм.
“Эрчим“
Үндэсний лигийн АШТ-ий хамгийн олон удаагийн аварга тэд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээ үндсэндээ хадгалж үлдэв. Гагцхүү “Мазаалай”-гаас авсан довтлогч Б.Ганзориг нь “Хасын хүлгүүд” рүү урвасан аж. Тус багийн ахлагч Б.Гарьдмагнай, хамгаалагч Б.Анар, Ц.Энхжаргал болон З.Баттулга, Г.Төгсбаяр нарын довтлогчид нь байнгын бэлтгэл сургуулилтад хамрагдаж улсын шигшээ багт олон улсын цөөнгүй тэмцээнд ур чадвараа сорьсон. Тиймээс тэд өнөө жил аваргалах магадлал хамгийн өндөр багийн тоонд орж буй. Тэднийг ахмад мастер Л.Доржсүрэн дасгалжуулж байгаа ба тоглогчийн хувиар гурвантаа аваргалсан Д.Батнасан туслах дасгалжуулагчаар ажиллах юм.
“Хангарьд“
Эрдэнэтийн “Хангарьд” өнгөрсөн жил плей-оффт шалгарч чадаагүй нь дасгалжуулагч М.Отгонбаярт ихээхэн зүйл бодогдуулсан нь лав. Тэд тогтмол дээгүүр байр эзэлдэг байсан ба өнгөрсөн жил л медиалаас мултарсан юм. Тэдний өнгөрсөн жилийн оргил амжилт нь “Боргио кап” тэмцээний мөнгөн медаль билээ. Ах дүү С.Ганзаяа, С.Баярзаяа, С.Бадрахзаяа дээр хоёр ихэр М.Идэрсайхан, М.Эрдэнэсайхан нар энэ багийн гол тоглогчид байсаар ирсэн.
Мөн лигийн мэргэн бууч Д.Баярзориг урьдын тоглолтоо үзүүлэх аваас “Хангарьд” медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Гэвч тэдний хамгаалалтын гол ноён нуруу С.Баярзаяа нь Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын шийдвэрээр хоёр жил тэмцээнд оролцох эрхээ хасуулсан нь харамсалтай. Ингэснээр тэдний төвийн хамгаалалт нь ганхах болов. Гэхдээ О.Эрдэнэбилэг, О.Мөнх-Од нарын залуучуудын хэрхэн тоглохоос “Хангарьд”-ын амжилт шалтгаална.
“Хоромхон“
“Хангарьд”-ын нэгэн адил “Хоромхон”-ы лидер тоглогч Х.Цэнд-Аюуш хоёр жилийн хугацаанд тэмцээнд оролцох боломжгүй болсон. Тэрбээр төрөлх “Хоромхон” болон “Хасын хүлгүүд” багуудын аль нэгэнд тоглохоор төлөвлөж байсан аж. “Хоромхон”-ы хашир туршлагатай ахмад тамирчдаас гагцхүү Г.Даваа-Очир багтаа үнэнчээр үлджээ. Тус багийн гол тоглогч Д.Лүмбэнгарав хамгаалагч Б.Ганбатын хамтаар “Улаанбаатар” дээд сургуульд очжээ. Энэ жил арван насны ойгоо тэмдэглэж буй “Хоромхон” клуб нас насанд өсвөрийн хөлбөмбөгчдийг бэлтгэдэг бөгөөд өнгөрсөн жилийн өсвөр үеийн лигийн багтаа амжилттай тоглосон тоглогчдоо дээд лигийн багтаа авч байгаа аж. Эдгээр тамирчид өнөө жилийн залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
“Хасын хүлгүүд“
Гурав дахь жилдээ үндэсний лигт хүч үзэж буй “Хасын хүлгүүд” өнгөрсөн жилийнхээс харьцангуй хүчирхэгжив. Тэд өнгөрсөн оны мэргэн бууч “Сэлэнгэ пресс”-ийн довтлогч Д.Энхтайван, “Эрчим”-ийн бүрэлдэхүүнд аваргалсан лигийн шилдэг довтлогчийн шагналт Б.Ганзориг болон шигшээ багт олон жил тогтвортой тоглож буй Г.Бат-Ялалтыг “Улаанбаатар” дээд сургуулиас урвуулсан байна. Ингэснээр тэд энэ удаагийн лигт өнгөрсөн жилийн амжилтаа ахиулах магадлалтай болсон. Тус багийг ахмад мастер Ц.Энхтөр 2008 оноос дасгалжуулж байгаа. “Хасын хүлгүүд”-ийн хаалганд 41 настай ахмад хаалгач Ш.Насанжаргал зогсох бөгөөд 29 дэх жилдээ хаалга манана.
“Мазаалай“
Гол төлөв залуучуудаас бүрдсэн “Мазаалай”-гийнхан он гарсаар боломжийн амжилт үзүүлж буй. Ногоон талбайн болон футзалын тэмцээнүүдэд тэд тогтмол дээгүүр хүч үздэг. Тоглогчдын хувьд тэмцээнээс тэмцээнд туршлагажиж байгаа. Хэдийгээр хамгаалалтдаа сайн ч том талбайд довтлохдоо муу байдаг нь багийн амжилтыг хойш татдаг.
“Улаанбаатар“ дээд сургууль
Үзүүштэй тоглолттой энэ багийн хамгаалалт хамгийн мууд тооцогддог байлаа. Гэвч тэд энэ байрлалд шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгаравыг залуу хамгаалагч Б.Ганбатын хамт авснаар дээгүүр хүч үзэх боломжтой болсон. Мөн улсын шигшээ багт довтолгооны эгнээнд олонтаа тоглосон А.Мөрөн, Б.Түмэнжаргал нарын чадварлаг тоглогчдыг өөрийн болгож дөнгөв. Тэд саяхан болсон залуучуудын УАШТ-д өрсөлдөгч нараа төвөггүй хожин үндэсний лигт амжилт гаргах итгэл олж авлаа. Гагцхүү хагас хамгаалагч Г.Бат-Ялалтаа “Хасын хүлгүүд”-д алдсан байна.
“Сэлэнгэ пресс“
Спортын мастер Ч.Мөнхбат, С.Гэрэлт-Од нарын тоглогчид дээр суурилсан тус баг сүүлийн хоёр жил дараалан медалийн төлөө өрсөлдсөн ч хараахан амжилтад хүрсэнгүй. Дээр нь тэд А.Мөрөн, Б.Түмэнжаргал, Д.Энхтайван нарын гоолын машинуудаа өөр багт алдсан нь сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Тиймээс тэдний амжилт үзүүлэх боломж ээдрээтэй боллоо.
“Хараацай“
Олон жил үндэсний лигт хүч үзэж буй “Хараацай” амжилтыг эс олсоор удлаа. Тус багийн лидер тоглогчид жил ирэх тусам багаа орхиж буй. Тиймээс гол төлөв залуу тоглогчид үлдээд байгаа. Тэднийг хэрхэн тоглохыг цаг хугацаа харуулна биз. Ямартаа ч тэд сүүлийн жилүүдэд тогтмол хомоол хамж байгаа. Энэ байдлаа хэрхэн цайруулсныг харах л үлдэв.